Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорнод аймагт ажиллаж Хятадын хөрөнгө оруулалттай Петрочайна Дачин тамсаг компаний 19, 21-р талбайн газрын тос олборлолттой танилцлаа. Тус компани 2005 оноос хойш 7.5 сая тонн газрын тос олборлосон байна. 

Петрочайна Дачин тамсаг компани 19-р талбайгаас олборлосон тосоо Сүхбаатар аймгийн Бичигтийн боомт, 21-р талбайнхыг Баянхошуу боомтоор экспортолж байгаа юм. Энэ үеэр Петрочайна Дачин тамсаг компани олборлолтоо нэмэгдүүлж, шинээр байгуулагдах үйлдвэрт бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжтой гэж мэдэгдлээ. 

Мэргэжлийн хяналтын байгууллагаас тус компанид хяналт шалгалт хийж, химийн аюултай хог хаягдлын хадгалалт, хаягдал шингэнийг байгальд аюулгүй болгож, бүтээгдэхүүн хуваах гэрээнд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн юм.

Мөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх, компани болон туслан гүйцэтгэгч ААН-үүд гаалийн татвараас чөлөөлөгдөж байгааг өөрчилж, гадаад ажилчдыг нийгмийн даатгал төлөх хэрэгтэй гэжээ. 

Ерөнхий сайд өнөөдөр Дорнод аймаг дахь Зүүн бүсийн эрчим хүч түгээх станцад ажиллах юм. 

Сонирхуулбал, Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийг 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Тус үйлдвэрийг Энэтхэгийн нэг тэрбум долларын хөнгөлөлттэй зээлээр барьж байгаа ба санхүүжилтийн өртгөө эхний 10 жилд бүрэн нөхнө гэж тооцоолж байгаа юм.