Энэхүү төв нь орон гэргүй, өнчин ядуу болон архинд донтсон зэрэг эмзэг бүлгийн хүмүүст нийгэмших, ажил хөдөлмөр эрхлэхэд нь тусалдаг байна. Ерөнхий сайд тус төвд ажиллах үеэрээ тус төвийн хамт олонд талархал илэрхийлж, цаашид дэмжиж ажиллахаа мэдэгдсэн юм.

Мөн тэнд амьдарч буй иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, шаардлагатай эмчилгээг хийхийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд даалгаж, иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах, газраа өргөтгөх хүсэлтийг нь судлахыг холбогдох хүмүүст үүрэгдлээ.

Түүнчлэн Зөв амьдрах ухаан төв нь нийслэлтэй гэрээ байгуулан гүйцэтгэсэн ажлын хөлс болох 243 сая төгрөгөө өнөөдрийг хүртэл авч чадаагүй байна. Харин Ерөнхий сайд энэ асуудлыг ирэх долоо хоног гэхэд шийдвэрлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон Хотын дарга нарт даалгалаа. Ингэхдээ нийт шаардлагатай хөрөнгийн 50 хувийг Нийслэлийн төсвөөс, 50 хувийг Нийгмийн хамгааллын яамны төсвөөс гаргуулахаар болсон байна.

Өнөөдрийн байдлаар энэ төвд 0-72 насны 100 гаруй иргэн байгаагийн цөөнгүй нь цэцэрлэг, сургуулийн насны хүүхэд байгаа төдийгүй 250 орчим хүнийг нийгэмшихэд тусалсан талаар төвийн тэргүүн Г.Загдаа танилцуулжээ. Энд амьдарч буй иргэд бэлэг дурсгалын зүйл, тавилга, төмөр, блок, модон эдлэлийн үйлдвэрлэл эрхэлдэг байна.

Зөв амьдрах ухаан төв нь 2006 онд байгуулагдаж өнөөдрийг хүртэл тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байгаагаас гадна 140мКв 80-100 хүүхдийн цэцэрлэг болон 100 гаруй хүний ажлын байртай болгох үйлдвэрийн байр барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа гэнэ.