Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сүхбаатар, Дорнод аймагт ажиллаж, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, хилийн боомт, газрын тосны нөөцийн илрүүлэлттэй танилцаж байна. Сүхбаатар аймагт ажиллах үеэрээ Эрдэнэцагаан сумын Бичигтийн боомтод ажиллахаар төлөвлөжээ. 

Харин Дорнод аймагт ажиллах үеэрээ Матад суманд үйл ажиллагаа явуулж буй Петрочайна Дачин тамсаг компаний ажилтай танилцана. 

МХЕГ-аас Петрочайна Дачин тамсаг компанид нэг тэрбум төгрөгийн арга хэмжээ авсан юм. Учир нь тус компани нь хөрөнгө оруулалт, борлуулалтын орлогыг Хятадын Банк оф Чайнагаар дамжуулсан, санхүүгийн тайлан ил тод байдлыг хангаж ажиллаагүй зэрэг томоохон зөрчил илэрсэн байна. 

Мөн хөрс элэгдэх, доройтохоос сэргийлэх арга хэмжээ аваагүй, ажилчдаа нийгмийн даатгалд хамруулаагүй зэрэг зөрчилд нийт 700 гаруй сая төгрөгийн нөхөн төлбөр тогтоосон юм.

Манай улс 250 сая орчим тонн газрын тосны нөөцтэй нь хайгуулаар тогтоогдсон байна. Монгол улсын хэмжээнд 1996-2016 онд нийт 43.8 сая баррель газрын тос олборлож, 41.6 сая баррелийг Хятадад экспортолж, газрын тосны орлогоос нийт 1.1 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ.