Уулзалтын эхэнд элчин сайд Абдулла Аль-Тунэйжис У.Хүрэлсүхийг тус улсын Ерөнхий сайд өөрийн оронд албан айлчлал хийх урилга илгээснийг гардуулан өглөө.

Уулзалтаар Ерөнхий сайд тус улсын Абу Дабигийн хөгжлийн сантай эхлүүлсэн хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, Монголд зам, дэд бүтэц, уул уурхай, эрчим хүч, ХАА зэрэг олон салбарт хөрөнгө оруулалт хийх боломжийг дэмжиж ажиллахыг хүслээ.

Харин Абдулла Аль-Тунэйжис Арабын Нэгдсэн Эмират улсын компаниуд Монголд хөрөнгө оруулалт хийхэд бэлэн гэдгийг дуулгаж,  юун түрүүнд татварын хэлэлцээрийг шинэчлэх шаардлагатай байгааг онцоллоо.

Мөн Арабын Нэгдсэн Эмират улсын иргэд Монголд жуулчлах сонирхол нэмэгдэж буй учир хоёр орны иргэд харилцан зорчих асуудлыг хөнгөвчлөх нь аялал жуулчлалыг хөгжүүлэхэд түлхэц болохыг талууд онцоллоо.

Сонирхуулахад, Арабын Нэгдсэн Эмират нь дэлхийн хамгийн баян орны нэг бөгөөд 8.2 сая гаруй хүнтэй, нэг хүнд ногдох ДНБ нь 48 доллар байдаг байна. Мөн манай улстай 1996 онд дипломат харилцаа тогтоожээ.