Ерөнхий сайд У.Хүрэлсүх Москва хотын Внуково олон улсын нисэх буудалд тусгай үүргийн нислэгээр газардлаа. Түүнийг Оросын гадаад хэргийн орлогч сайд Игорь Владимирович Моргулов тэргүүтэй төлөөлөгчид угтан авсан байна.

Мөн Москва хотын хүндэт харуулын гарнизон жагсаж хүндэтгэл үзүүлжээ. Энэ нь Монголын засгийн газрын тэргүүний есөн жилийн дараа хийж буй албан ёсны айлчлал юм. 

Айлчлалын хүрээнд ерөнхий сайд У.Хүрэлсүх Оросын ерөнхийлөгч Путинд бараалхаж, Засгийн газрын дарга Дмитрий Медведевтэй ганцаарчлан уулзаж, албан ёсны хэлэлцээ хийнэ. 

Мөн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг нэг шат ахиулж Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хөгжүүлэх талаар санал солилцох юм. Ингэснээр харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн Засгийн газар, яамд хоорондын баримт бичигт гарын үсэг зурна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Лхагва гарагт Москвад зохиогдох Монгол-Орос Евразийн эдийн засгийн холбооны нэгдсэн зах зээлд бизнес эрхлэх нь сэдэвт бизнес форумд үг хэлж, Монголд үйлдвэрлэв бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн нээлтэд оролцоно. Ерөнхий сайдын айлчлал Баасан гарагт өндөрлөх юм.