Америкт албан айлчлал хийж буй ерөнхийлөгч Х.Баттулга тус улсад ажиллаж, амьдарч, суралцаж буй иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтад Америкт ажиллаж, амьдардаг Монголчуудын төлөөлөл болон холбоо, төрийн бус байгууллагыг төлөөлөн 180 орчим иргэн оролцсон байна.

Энэ үеэр Ерөнхийлөгч тус улсад хийсэн айлчлалын үр дүн болоод хоёр улсын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг зарлалаа. Мөн иргэдийн санал хүсэлтийг сонсож, санал бодлоо хуваалцлаа.

Иргэд байгалийн баялгийг тэгш хуваарилах, оффшор данстай хүмүүст зохих ёсны шийтгэл өгч, Монголд валютаа буцааж оруулах, эх орондоо залуусыг хөдөлмөр эрхлэх боломжоор хангах зэрэг асуудлыг дэвшүүлсэн юм.

Харин үүний хариуд Ерөнхийлөгч оффшор дансны асуудлаар тууштай ажиллаж, оффшор дахь мөнгийг оруулж ирэх байр суурин дээрээ бат зогсож байгаа гэдгээ илэрхийллээ. Мөн тэгш бус байдал, баян хоосны зааг ялгаа нэмэгдэж байгаа явдлыг өөрчлөхийн тулд ажлын байрыг нэмэгдүүлж, аж үйлдвэржилтийг сэргээхийг зорьж байгаа гэсэн юм.

Уулзалтад УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, З.Нарантуяа, Монголоос тус улсад суугаа элчин сайд Ё.Отгонбаяр нар оролцож бусад асуудлаар иргэдийн асуултад хариулт өгчээ.

Өнөөдрийн байдлаар Америкийн 200 орчим хотод 30 мянга гаруй Монгол иргэд ажиллаж, амьдарч, суралцаж байгаа юм. Үүнээс

  • Зүүн эргийн Вашингтон хот орчимд 6000,
  • Төвийн бүсийн Чикаго хот орчимд 8000,
  • Баруун бүсийн Лос Анжелест 2000,
  • Сан Францискод 4000,
  • Сиатльд 1500 орчим иргэн амьдарч байна.

Мөн монгол иргэдийн үүсгэл, санаачилгын 58 холбоо, төрийн бус байгууллага үйл ажиллагаа явуулдаг байна.