Ерөнхийлөгч Х.Баттулга айлчлалынхаа хүрээнд Норвегийн угсаа залгамжлах хунтайж Хааконтой уулзлаа. Уулзалтаар есдүгээр сард Монголд болох 18 хүртэлх насны залуучуудын Ногоон наадамд хунтайж Хааконыг урьж, Монголд айлчлахыг хүслээ. Тус наадамд НҮБ-ын гишүүн 195 орны 18 хүртэлх насны залуучууд оролцож, 19 төрлөөр өрсөлдөх юм. 

Үргэлжлүүлэн Норвегийн ерөнхий сайд Эрна Солбергтэй баялгийн сангийн асуудлаар санал солилцож, баялгийн сангийн тухай хуулийг хэрэглэх асуудлаар хамтран ажиллахаар тохиролцлоо. 

Ингэхдээ Норвегийн баялгийн санг анх үүсгэн байгуулалцсан туршлагатай мэргэжилтнийг Монгол руу, Монголын залуу судлаачдыг Норвегид авчрах зэргээр хамтран ажиллах юм. 

Манай улс Норвегитэй 1968 онд дипломат харилцаа тогтоосон ба 2016 оны байдлаар нийт худалдааны эргэлт 693.6 мянган доллар байжээ. Мөн Норвеги улс 1990-2013 онд нийт 193 мянган долларын хөрөнгө оруулалтыг манай улсад хийсэн байна.

                                                                                                                       Г.Бадамханд