Ерөнхийлөгч Х.Баттулга, Хятадын ерөнхийлөгч Ши Жинпин нар албан ёсны хэлэлцээ хийлээ. Талууд хоёр орны харилцааны асуудлаар санал солилцож, Иж бүрэн стратегийн түншлэлд хүрсэн нь өнгөрсөн хугацааны харилцааны үр дүн болохыг дурдаад, цаашид энэхүү түншлэлээ бүхий л түвшинд тасралтгүй хөгжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр санал нэгдлээ.

Мөн Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд Хятадаас Монголд олгосон буцалтгүй зээл, тусламжийг богино хугацаанд хэрэгжүүлэхэд хоёр тал анхаарч, зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн бус нэмүү өртөг шингээсэн, түүний дотор хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд голлон анхаарч ажиллахаар болсон байна.

Тухайлбал, Монголын баруун бүсээс Хятадад экспортлох махны хориг, улсын зүүн болон баруун бүсээс ХАА-н гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлэх зэрэг саналыг Ши Жинпин хүлээн авч, ажлын хэсэг гарган тодорхой ахиц гаргахаа илэрхийллээ.

Үүнээс гадна ерөнхийлөгч Х.Баттулгын дэвшүүлсэн Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн супер сүлжээний бүс нутгийн байгууллагыг бий болгох санаачилгыг Хятад дэмжсэн байна.

Энэхүү төслөөс гадна Орос-Хятадын хооронд байгалийн хий дамжуулах шугам, Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны хэлэлцээр, зарим боомтын ажиллах цагийг уртасгах зэрэг хоёр орны худалдаа эдийн засаг, гурван талт хамтын ажиллагаа, соёл боловсрол, олон улс, бүс нутгийн зэрэг өргөн сэдвээр албан ёсны хэлэлцээ хийлээ.

Хэлэлцээний дараа Х.Баттулга Тяньаньмэний талбайд байрлах Хятадын ардын баатруудын хөшөөнд цэцэг өргөх ёслолд оролцлоо. Түүний төрийн айлчлал энэ сарын 25-нд дууссан ба энэ сарын 26-28-нд Бээжинд болж буй Бүс ба зам олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн уулзалтад оролцож байна.