Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 29-өөс наймдугаар сарын гурваны өдрүүдэд Америкт айлчлахаар боллоо. 

Айлчлалын хүрээнд Америкийн ерөнхийлөгч Доналд Трамптай Цагаан ордонд ганцаарчилсан уулзалт хийж, өргөтгөсөн хэлэлцээ хийхээр төлөвлөсөн байна. Мөн Америкийн конгресст дахин өргөн барьсан Гуравдагч хөршийн худалдааны хуулийн асуудлаар хууль тогтоох байгууллагын төлөөлөгчидтэй уулзаж, ярилцах юм.

Айлчлалын үеэр Стратеги, олон улс судлалын хүрээлэнд Монгол-Америкийн харилцааны талаар илтгэл тавьсны дараа тус улсад ажиллаж амьдарч буй Монгол иргэдтэй уулзалт хийнэ. 

Америкийн конгресст өргөн барьсан гуравдагч хөршийн худалдааны хууль батлагдсанаар оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг Америкийн зах зээлд татваргүй экспортлохоос гадна хоёр улсын хоорондох худалдаа нэмэгдэх юм.

Ийнхүү оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг татваргүй гаргаснаар нэг тэрбум долларын экспорт бий болж, 200 мянган малчин айл, хэдэн арван мянган оёдолчин сүлжигч ажлын байртай болно гэж албаныхан үзэж байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга хамгийн сүүлд Киргизэд айлчлал хийсэн юм. Айлчлалын хүрээнд тус улсын ерөнхийлөгч Сооронбай Жээнбековтай албан ёсны хэлэлцээ хийж,  ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцсон юм.