Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавилаа. Тэрээр хоригоо УИХ-ын даргад гардуулан өгч зохих хууль журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэхийг хүслээ.

Ерөнхийлөгч ирэх оны төсвөөс үр ашиггүй зарлага, зураг төсөвгүй барилга байгууламжийн санхүүжилтийг хасах, төрийн албаны данхар бүтцийг багасгах замаар төсвийг 15 хувь буюу нийт 1.4 их наяд орчим төгрөг хэмнэх боломжтой гэдэг санал гаргасан юм. Гэвч УИХ уг саналыг дэмжихгүйгээр ирэх оны төсвийг баталсан юм.

Ерөнхийлөгч хоригтоо “УИХ-ын гишүүд төсвөө чамбайруулахын оронд зураг төсөлгүй барилгын санхүүжилтийг нэмсэн, гишүүний мөнгийг гурван тэрбумаар өсгөсөн, УИХ-ын даргын төсвийг 15 орчим хувиар нэмсэн зэргээр улам дордуулж, 26 гишүүний саналаар улс орны хөгжих эсвэл хямрахын үндэс болдог төрийн чухал бодлогыг нэн хариуцлагагүй баталсан нь улс төр, нийгэм, эдийн засгийн хямралыг бодитой болгох ноцтой үр дагаварт хүргэнэ” гэжээ.

Ерөнхийлөгчийн хоригт:

Монгол улсын 2019 оны төсвийн тухай хууль болон дагалдах хууль тогтоомжид хууль зөрчсөн, улс орны хөгжлийн бодлого, зорилтод нийцэхгүй дараах асуудлуудыг засах зайлшгүй шаардлага байгааг Улсын Их Хуралд дахин сануулж, хориг тавихаас өөр аргагүйд хүрч байна.

  • Төсвийн нийт зарлага 11.5 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 9.6 их наяд төгрөг болж төсвийн алдагдал 1.9 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 5.4 хувьтай тэнцэхээр батлагдсан. Энэ нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасан “нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байх” тухай шаардлагад нийцээгүй, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн “Төсвийг …батлах …эрх бүхий байгууллага, …нь төсвийн зарчмыг мөрдлөг болгож, хэрэгжүүлэх үүрэгтэй”, 6 дугаар зүйлийн 6.2.1-ийн “Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагыг хангах” гэснийг тус тус зөрчсөн.
  • Урьд өмнө байгаагүй хэмжээний асар их алдагдалтай төсөв баталж, дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 32.8 хувьтай тэнцэх зардал төлөвлөсөн нь дэлхий нийтийн эдийн засагт хямрал, доргилт үүсэх нь тодорхой болсон үед байж боломгүй, эрсдэлтэй болчимгүй бодлого болжээ.
  • Олон жил давтагдаж байгаа “гишүүний мөнгө”-ийг 5 тэрбумаас 8 тэрбум төгрөг хүртэл өсгөн, татвар төлөгчдийн мөнгийг Улсын Их Хурлын гишүүдийн тойрогт “авлига” мэтээр хуваарилж, зураг төсөлгүй олон барилга, байгууламж барихаар тусгасан. Энэ нь Барилгын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.11-д заасан “зураг төсөлгүй барилга байгууламжийг улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгуулахгүй байх” шаардлагыг зөрчсөнөөс гадна Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8-ийн “хууль, Улсын Их хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн суурь зохицуулалтуудад нийцэхээргүй байна.
  • Нүүрсний экспортыг 42 сая тонн хүртэл өсгөн, уул уурхайн салбарын орлогыг 1.3 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 3 их наяд төгрөгт хүргэхээр тусгасан. Үүнийг Үндэсний аудитын газар биелэхээргүй хийсвэр орлого, эрсдэл болно гэж дүгнэсэн бөгөөд энэ нь мөн Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2-ийн “жил бүрийн төсвийн зарлагыг орлого болон санхүүжүүлэх бусад эх үүсвэрээр нь бүрэн нөхдөг байхаар төлөвлөн баталж, хэрэгжүүлэх” зохицуулалтад нийцэхгүй, зөрчилдөж байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт саарч, дэлхийн эдийн засагт аюулын дохио хангинаж байгаа нөхцөлд хэт өндөр, хийсвэр орлого төсөвлөх нь эдийн засгаа санаатайгаар хорлох, зардлыг хэт өсгөснөө хаацайлах, хуурах оролдлого мөн бөгөөд урьд жилүүдэд ийм хандлага гарч улс орны эдийн засгийг сүйтгэн доройтуулж байсныг мартах ёсгүй юм.

  • Хоёр жилийн дараагаас төлөгдөж эхлэх ёстой гадаад өр, зээлүүдийн үндсэн төлбөрийн асуудлыг анхаараагүй, валютын хуримтлал үүсгэх, төлбөр төлөх график хугацааны талаар огт төлөвлөөгүй орхисон, Засгийн газрын өрийн нийт хэмжээ 19.5 их наяд хүрсэн байхад сүүлийн гурван жилийн нийлбэрээр 7 их наядын алдагдалтай төсөв баталж Засгийн газрын өрийн хэмжээг огцом нэмэгдүүлэх нөхцөл бүрдүүллээ. Энэ нь төсөв батлахад зайлшгүй харгалзан үзэж баримтлах ёстой “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зорилтууд болон “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын эдийн засгийн тогтвортой хөгжлийн зорилтуудтай нийцэхээргүй байна.
  • Төсвийн зарлагыг 11.5 их наяд байхаар баталсан хэрнээ ирэх онд инфляцийг 8 хувьд барих зорилт тавьсан нь огт авцалдахгүй, Монгол банкнаас бодлогын хүүг нэмэгдүүлж арилжааны зээл хумигдах, үр дүнд нь иргэдийн ажил эрхлэлт, орлогыг эрс хумих нөхцөл бүрдэх, хүний хөгжлийг тооцоолоогүй, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах хэмжигдэхүүнийг тусгаагүй зэрэг засаж залруулах зүйл олон байна.
  • Улсын Их Хурлын гишүүдийг дэмжих сан гэж нэрлэгдэх хүртлээ үйл ажиллагаа нь гажуудан, гэмт хэргийн талбар болох болсон Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан болон бусад зээл олгодог сангуудын зээлийг төрийн захиргааны байгууллагаас олгодог байдлыг 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн таслан зогсоож, улсын төсөвт батлагдсан эх үүсвэрээ нээлттэй, ил тод, хүртээмжтэй бизнесийн зарчмаар зээлдүүлэх хууль эрх зүйн орчны өөрчлөлтийг 2019 оны төсвийн тухай хуультай хамт өргөн барьж батлуулах шаардлагатай. Товчлон хэлбэл ирэх оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас жинхэнэ жижиг, дунд үйлдвэрүүд жилийн 3 хувийн хүүтэй зээл авч болохуйц нөхцөлийг бүрдүүлэх ёстой.

Мөн гадаад өр зээлийн асуудалд онцгой анхаарч алдагдалгүй төсөв батлах, хууль зөрчсөн үрэлгэн зардлуудыг танаж, хэмнэсэн 500 тэрбум төгрөгөөр уул уурхайн бус экспортын үйлдвэрүүдийг дэмжин хөгжүүлэх, “аж үйлдвэрийн комбинат”-уудыг санхүүжүүлэх зорилтыг бодитойгоор шийдвэрлэх нь төсвийг шинээр батлах нэг том үндэслэл болж байна.

Эдгээр алдаа завхралыг бүрэн засаж, улс орны эрх ашиг, аюулгүй байдал, хөгжлийн бодлого, зорилтод нийцүүлэхийн тулд Монгол Улсын 2019 оны төсвийг дагалдах хууль тогтоомжуудын хамт шинээр боловсруулан, УИХ-р дахин хэлэлцэж батлах шаардлагатай.

Иймд 2019 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 2018 оны 79, 80 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьж байна. Хоригийг зохих хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ үү” гэжээ.