Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 11-13-нд Оросын Владивосток хотод болох Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалтад оролцоно гэдгээ мэдэгдлээ.

Тэрээр уулзалтаар Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нарын тэргүүлэх нэгдсэн хуралдаанд оролцож, Путин, Ши Жиньпин зэрэг бусад орны төрийн тэргүүн, Ерөнхий сайд нартай хоёр талт уулзалт хийхээр төлөвлөжээ.

Энэхүү чуулга уулзалтад оролцсоноор хөрөнгө оруулах, харилцан ашигтай нөөц бололцоо байгааг бусад улсын компаниудад таниулах боломжтой байна. Мөн эдийн засгийн хөгжлийн ирээдүйн чиг хандлага, бусад орны бодлого, байр суурийн талаар мэдээлэл авах чухал ач холбогдолтой юм.

Чуулга уулзалт нь Оросын ерөнхийлөгч Путины санаачилгаар дөрөв дэх жилдээ зохиож байна. Уулзалтад Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпин, Японы ерөнхий сайд Шинзо Абэ, Солонгосын ерөнхий сайд Ли Наг Ён нар оролцох юм.

Сануулбал, ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн оны есдүгээр сард Дорнын эдийн засгийн III чуулга уулзалтад оролцжээ.