Чуулганы хүрээнд салбар хуралдаанууд эхэлж, ерөнхийлөгч Х.Баттулга “Дэлхийн спорт: Токио-2020, Бээжин-2022 спортын наадмын өмнөх Ази, Номхон далайн бүс нутгийн дүр зураг” сэдэвт салбар хуралдаанд оролцлоо.

Тэрээр хуралдааны нээлтийн үеэр 2020 онд Монголд болох Азийн хүүхдийн их наадмын талаар танилцуулж, улс орнуудыг хамтран ажиллахыг уриалсан байна.

Үргэлжлүүлэн Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч Д.Дагвадорж Азийн хүүхдийн их наадмын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, бусад асуудлаар ярилцжээ.

Мөн Ерөнхийлөгчид Японы ерөнхий сайд Шинзо Абэ, Солонгосын ерөнхий сайд Ли Наг Ён нар бараалхлаа.

Ерөнхийлөгч Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээг байгуулахад эрчим хүч нийлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж, Японтой аялал жуулчлал, ХАА, эко хот байгуулах зэрэг чиглэлд өргөн хүрээтэй хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ.

Шинзо Абэ түүний саналуудыг дэмжиж, Хөшигийн хөндийд баригдсан шинэ нисэх онгоцны буудлыг удахгүй ашиглалтад оруулах, аялал жуулчлалын салбарт тодорхой төлөвлөлт хийж хөгжүүлэх талаар ярилцсан юм.

Харин Солонгосын талд Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулахад нар, салхи, нүүрсний эх үүсвэрийн эрчим хүч нийлүүлэгчээр оролцох сонирхолтой байгаагаа  илэрхийлжээ. Ли Наг Ён уг саналыг хүлээн авч, Мүн Жэ Иний санаачилсан Зүүн хойд Азийн төмөр замын нийгэмлэг байгуулахад хамтран ажиллахыг санал болголоо.

Дорнын эдийн засгийн чуулга уулзалт маргааш өндөрлөх юм.