Ерөнхийлөгч Х.Баттулга рок, поп урлагийн ертөнцөд Хүннү рок гэх шинэ урсгал гарган, уран бүтээл туурвиж, дэлхий дахинаа олон сая сонсогчтой болоод буй THE HU хамтлагийн гишүүд болон хамтлагийн продюсер, МУГЖ Б.Дашдондог хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Монголыг дэлхий дахинаа сурталчилж байгаа тус хамтлагийнханд баяр хүргэж, цаашид хамтлагаа байнга тордож, эв нэгдлээ эрхэмлэх хэрэгтэйг захилаа.

Хамтлагийн продюсер, МУГЖ Б.Дашдондог THE HU хамтлагийг 2016 онд үүсгэн байгуулж, хөгжмийн зах зээлд гаргаж ирэхийн тулд олон жилийн турш судалгаа хийсэн гэдгийг онцоллоо. Одоогоор THE HU хамтлаг “Yu ve yu ve yu”, “Wolf Totem” гэсэн хоёр дуу цацсан бөгөөд эдгээр дуунууд нь жил хүрэхгүй хугацаанд зөвхөн youtube сувгаар гэхэд 27 сая орчим сонсогчдод хүрч, бусад хөгжмийн хуудсуудаар 70 гаруй саяын үзэлт, хандалт авчээ.

Зураг: Ерөнхийлөгч

Түүнчлэн Wolf Totem дуу нь Биллбоардын Хард рок дууны жагсаалтыг тэргүүлсэн анхны Монгол дуу болсон бол Yu ve yu ve yu нь мөн Биллбоардад эхний 10-т багтсан юм. Тус хамтлаг энэ ондоо багтаан есөн дуутай Гэрэг хэмээх цомог гаргахаар ажиллаж байгаа гэнэ.

Хүннү рок гэх урсгалд хөгжмийн олон төрөл зүйл багтаж байгаа нь зөвхөн рок сонирхогч гэлтгүй олон хүн сонсох боломж олгож байгаа тул THE HU хамтлаг ирэх дөрвөн жилд багтан дөрвөн цомог гаргах гэрээг дэлхийд алдартай продакшнтай байгуулжээ.

Мөн тус хамтлаг үндэсний язгуур хөгжим болох морин хуур, цуур, төмөр хуур зэргийг орчин үеийн рок хөгжмийн урсгалтай хослуулдаг бөгөөд хамтлагийн имидж, хувцас гээд бүгд үндэсний хэв маягийн харуулсан загвартай байгаагаараа онцлогтой байна.

THE HU хамтлаг энэ сарын 23, 24-нд Гэрэг нэртэй анхны бие даасан тоглолтоо WHITE ROCK CENTER-д хийх гэж байгаа юм. Цаашид тус хамтлаг дэлхийн бусад орнуудаар бие даасан тоглолт хийж, томоохон амьд хөгжмийн наадмуудад уригдан оролцохоор болжээ.