Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлын тухай албан бичиг хүргүүллээ.

Тус албан бичигт улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа болсон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа ард түмний хүсэмжлэл, хүлээлтэд дөрөөлөн дутуу дульмаг, өмнөх алдааг давтсан байдлаар явуулж байгаад санаа зовниж буйгаа дурджээ. 

Мөн Ерөнхийлөгч Үндсэн хуулийн өөрчлөлттэй уншиж танилцан авах зүйл, алдаатай юм байгааг ч онцолж, долоо хэмжих асуудлыг нэг хэмжиж хэрхэвч болохгүй гэдгийг онцгойлон санууллаа.

Иймд Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг баяр наадмын өмнө яаран хэлэлцэх бус наадмын дараа нухацтайгаар хэлэлцэн товлох саналыг УИХ-ын дарга хүргүүлсэн байна.

Түүнчлэн Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх чуулганд биечлэн оролцож, саналаа тусгайлан илэрхийлнэ гэдгээ тус албан бичигтээ мэдэгджээ. 

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх бөгөөд энэ хүрээнд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн гишүүд өнөөдөр мэдээлэл хийсэн юм. 

УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор тойрогтоо ажиллаж иргэдээс ирсэн саналыг нэгтгэж зарчмын зөрүүтэй 15 орчим саналыг тусгахаар болжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах заалт, Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлт, байгалийн баялгийг тогтвортой хөгжлийн суурь болгох зэрэг асуудлыг нэмж тусгахаар болсон байна.

Дашрамд дурдахад, Монгол улс 1992 онд анхны Анхны Ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталж, 2000 онд Үндсэн хуулийн хоёрдугаар зүйлд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг.