Ерөнхийлөгч Х.Баттулга Америкт хийж буй айлчлалынхаа хүрээнд Монгол Америкийн  харилцааны төлөв байдал сэдвээр уулзалт, ярилцлага өрнүүллээ. Уулзалтад олон улсын сэтгүүлч, эрдэмтэн судлаач зэрэг 250 хүн оролцсон байна.

Энэ үеэр Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ айлчлалын хүрээнд хоёр улсын харилцааг шинэ түвшинд гаргана гэдгээ мэдэгдсэн юм. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Америкийн ерөнхийлөгч Доналд Трамптай ганцаарчилсан уулзалт хийх юм. 

Ерөнхийлөгчийн айлчлалын гол зорилго Конгресст өргөн бариад буй Гуравдагч хөршийн худалдааны хуулийг батлуулах юм. Тус хууль батлагдсанаар Монголын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг Америк руу татваргүй экспортлох боломж бүрдэнэ. 

Манай улс дэлхийн ноолуурын 40-50 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг боловч санхүү технологийн шалтгаанаар дөнгөж 10 хүрэхгүй хувийг дотооддоо боловсруулж, 90 орчим хувийг Хятад руу түүхий эдээр буюу хямд өртгөөр экспортолдог байна.

Харин Америкийн зах зээлд татваргүй экспортолсноор хоёр улсын худалдааны эргэлт нэмэгдэж, 40-50 мянган ажлын байр шинээр бий болох юм. Хоёр улсын худалдааны эргэлт 2015 оны жилийн эцсийн байдлаар 135.225 сая доллар байсан ба үүнээс экспорт 13.8 хувь, импорт 86.2 хувийг эзэлжээ.