Ерөнхийлөгч Х.Баттулга агаарын бохирдлын асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүллээ.

Албан бичгийн эхэнд төрийн эрх баригч намын удирдлага гишүүд намын дотоод тэмцэл, хуваагдлаа нэн даруй зогсоож, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэн, хариуцлага, үр бүтээлтэй ажиллахыг анхааруулсан байна.

Тэрээр ‘иргэдийн эрүүл мэндийг ноцтойгоор хохироож буй агаарын бохирдолд 2008-2016 оны хооронд 550 орчим тэрбум төгрөг зарцуулсан гэх тооцоо байгаа ч гамшгийн нөхцөл байдал хэвээрээ, хор уршиг, хохирол нь улам нэмэгдэж, дордсоор байна. Үүнийг  утаа, гамшгаар бизнес хийдэг хэсэг бүлэг этгээд, тэдгээрийг дэмжин өөгшүүлдэг төрийн байгууллага, албан тушаалтнуудын хариуцлагагүй үйл ажиллагаатай шууд холбон дүгнэж болохоор байна’ хэмээн дурджээ.

Иймд Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу агаарын бохирдлыг бууруулах, хууль тогтоомж хэрэгжүүлэгч байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, хэрэгжүүлсэн арга хэмжээ, зарцуулсан хөрөнгийг тодруулах зорилгоор ерөнхий хяналтын сонсгол явуулах хүсэлт гаргалаа.

Нийтийн сонсголын тухай хуулийн наймдугаар зүйлд Ерөнхийлөгч хүсэлт гаргасан тохиолдолд ерөнхий хяналтын сонсголыг заавал явуулна гэж заасан тул холбогдох арга хэмжээг нэн даруй авч ажиллахыг УИХ-ын даргаас хүсчээ.