Ерөнхийлөгч Х.Баттулга Америк улсад айлчлахаар өчигдөр эх орноосоо мордсон бөгөөд айлчлал тав хоног үргэлжилнэ. Айлчлалын хүрээнд Америкийн ерөнхийлөгч Доналд Трамптай Цагаан ордонд ганцаарчилсан уулзалт хийж, өргөтгөсөн хэлэлцээ хийх юм.

Мөн Америкийн Конгресст өргөн барьсан Гуравдагч хөршийн худалдааны хуулийн асуудлаар тус улсын хууль тогтоох байгууллагын төлөөлөгчидтэй уулзаж, ярилцана.

Айлчлалын бүрэлдэхүүнд ГХЯ-ны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, З.Нарантуяа, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар багтсан байна. 

Дашрамд дурдахад, айлчлалын хүрээнд яригдах Ерөнхийлөгчийн санаачилсан Гуравдагч хөршийн худалдааны хуулийг өнгөрсөн онд Америкийн Конгресст өргөн барьсан юм. Уг хууль батлагдсанаар Монголын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн Америкийн зах зээлд татваргүй экспортлогдох, хоёр орны худалдаа нэмэгдэнэ.