УИХ-ын чуулганы хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Тодруулбал, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 65.9 хувь дэмжсэн ч гуравны хоёр хувьд хүрээгүй учир хоригийг хүлээн авахаар боллоо.

Өнгөрсөн сарын есөнд уг хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ баталсан юм. Харин Ерөнхийлөгч уг хууль болон УИХ-ын тогтоолд хоёр удаа бүхэлд нь хориг тавьсан байна.

Ерөнхийлөгч Захиргааны ерөнхий хуульд төрийн эрх мэдлийн тэнцвэртэй байдал, Үндсэн хуулийн хууль дээдлэх үндсэн зарчмыг алдагдуулсан зүйл заалт тусгасан гэж үзжээ.

Тухайлбал, уг хуулийн 5-р зүйлийн 5.3 дахь хэсэгт УИХ тогтоохоос бусад захиргааны шийдвэр, үйл ажиллагаа нь Захиргааны хэргийн шүүхийн хяналтад байдаг ч УИХ-ын шийдвэрийг хэрэгжүүлэх нэрийдлээр Засгийн газар болон түүний харьяа байгууллагуудын захиргааны шийдвэр, үйл ажиллагааг бүхэлд нь шүүхийн хяналтаас гаргах нь хуулийн дотоод зөрчилдөөн үүсгэж болзошгүй гэжээ.

Гэвч Ерөнхийлөгчийн хоригийг Лхагва гарагт Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэн гишүүдийн олонх нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн юм.