УИХ-ын 2020 оны сонгуультай холбоотойгоор Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд ажлаа хүлээлгэн өгч байгаагаа мэдэгдлээ. Ийнхүү тэрээр сонгуульт ажилдаа анхаарах ба аль тойрогт нэр дэвших нь одоогоор тодорхойгүй байгаа гэнэ. 

Түүний оронд Хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллана гэж З.Энхболд мэдэгдлээ. 

З.Энхболд нь 2004-2012 онд УИХ-ын сонгуулийн 24-р тойрог буюу Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт, Гучин-Ус сумаас сонгогдсон юм. 

Мөн 2012 долдугаар сараас 2016 оны долдугаар сар хүртэл УИХ-ын дарга, 2017 оны долдугаар сараас Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажилласан байна. 

Харин 2016 оны сонгуульд Улаанбаатар хотын БГД-ийн 70-р тойрогт нэр дэвшсэн ч МАН-аас нэр дэвшсэн Д.Лүндээжанцанд ялагдсан юм.