Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгын “Монгол ялалт”-ыг тунхагласан гол баганын нэг нь яах аргагүй дуулиант 60 тэрбумын хэрэг мөнөөс мөн.

Харин түүний 60 тэрбумын нөхдөд хариуцлага тооцно гэх омголон амлалтад АТГ-ын дарга Х.Энхжаргал тун чиг тодорхой хариулт өгчих шиг болсон. Энэ нь сошиал орчин тренд болоод амжсан өнөөх “За яах вэ...За мээдкүүээ” гэх хошин маягийн хариулт.

Тодруулбал, Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхдаа 60 тэрбумын асуудлыг шалгуулах албан бичгийг АТГ-т өөрийн биеэр өгч байсан юм. Тэрээр үүрэгт ажлаа хүлээж авсныхаа дараахан хоёр ч удаа АТГ-ын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нарыг дуудаж уулзан, 60 тэрбумын асуудлыг илрүүлэхийг шаардсан билээ.

Тухайн үед энэ сэдэв ч халуухнаараа, иргэд ч “Хэрэв би Ерөнхийлөгч болбол энэ хэрэгт хариуцлага тооцно” гэх Х.Баттулгын амлалтыг мартаагүй байсан цаг. 60 тэрбумын дүйвээн тэгсхийгээд намжиж, Ерөнхийлөгч шалгахыг шаардаж, АТГ-аас шалгаж байгаа гэх амттай жүжгийг тэрхэн зуур ард түмэнд үзүүлээд өнгөрсөн гэхэд хилстэхгүй.

Харин саяхан УИХ-ын залуу гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Улс төрийн өнөөгийн шударга бус байдалд тэвчээр алдарч байна” хэмээн намынхаа эсрэг зоригтой дуугарч “УИХ-ын дарга М.Энхболд та огцорч 60 тэрбумаа шалгуул” гэх хатуухан үг чулуудан АТГ-т асуулга тавьсан юм.

Мартагнаж байсан хэргийг газар авахаас өмнө АТГ тэр дор нь хариуг барьж, баримт нотолгоо дутмаг, 60 тэрбумын нотлох баримт гэх бичлэг эх хувь биш, эвлүүлэг тул шалгах үндэслэлгүй прокуророос аль эрт хаачихсан гэх хариугаар олны амыг таглаад байна. Энэ хэргийн хувь заяа Х.Баттулгын хүссэнээр өндөрлөхгүй гэдэг нь тодорхой болох шиг боллоо.

Ерөнхийлөгчийн түмэнд таалагдсан топ амлалтуудын бас нэг нь ард түмний зэвүү дургүйг зэрэг хүргэдэг оффшорын асуудал. Энэ нь ч учиртай. Дэлхий дахинд Panama, Paradise-ийн баримтууд ил болж, Монгол улсын 49 иргэний 17 тэрбум доллар оффшорт илэрсэн нь улсын төсвийг гурав дахин нугалчихсан их мөнгө, дээр нь нэр бүхий төрийн түшээд, тэдний дотны хүмүүс холбоотой нь тогтоогдож ард түмний бухимдлыг дээд цэгт нь хүргээд байлаа.

Харин дараа жил нь Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болж Х.Баттулга “Монголын төрд хулгай нүүрлэх ёсгүй. Би оффшорчидтой тэмцэж, хариуцлага тооцно” гэдгээ мөрийн хөтөлбөртөө тусгалаа. Түүгээр ч үл барам сонгуулийн оргил үе болох VI сард үүнийгээ улам бататгаж оффшорчдын эсрэг тэмцэхээр байгуулагдсан “Ард түмний онц зөвлөл”/АТОЗ/-той оффшорт нуугдсан 17 тэрбум долларыг эргүүлэн татаж, эздэд нь хариуцлага тооцно.

Хэрэв үүнийг орхигдуулбал “ШУУД ОГЦРОХ” гэсэн хатуу заалттай гэрээнд гарын үсэг зурсан юм. Тэр үнэхээр тэмцэх гэсэн үү, ард түмэнд таалагдах улс төрийн имидж гаргах гэсэн үү? Ямартай ч энэхүү амлалт олны загатнасан газар маажиж чадсан юм. Нэг ёсондоо Х.Баттулгыг л сонгочихвол төрд бугласан хулгайчдаар туг тахиж чадах юм байна гэсэн оч түмэнд түгээд байлаа.

Ингээд ард түмэн сонголтоо хийж “Монгол ялж” түүний шийдэмгий амлалтуудыг чих тавин чагнаж байлаа. Шинэ Ерөнхийлөгч маань ч энэ хэрэгт ханцуй шамлан орж, үүрэгт ажлаа хүлээж авсныхаа дараахан АТГ-т оффшорчдын хөрөнгийг 49 хоногийн дотор эргүүлэн татах үүрэг өгч, уриалга гаргажээ.

Хэрэв 49 хоногт оффшороо мэдүүлж, эргүүлэн татахгүй бол хуулийн хатуу хариуцлага хүлээлгэнэ гэдгээ мэдэгдсэн юм. Гэсэн ч уриалгаа дөрвөнтэй сунгаж, ердөө 16 хүн оффшороо мэдүүлж, дөрвөн хүн хөрөнгөө татаж, ихэнх нь цалингийн данс эзэмшдэг хэмээн мэдүүлээд байна.

Одоогоор манай улсад оффшорт данс эзэмшсэнээсээ болж хариуцлага хүлээсэн нэг ч хүн байхгүй, эх оронд оруулж ирнэ гэсэн 17 тэрбум ч сураг ажиггүй хэвээр. Хуулийн хариуцлага хүлээлгэ гэж Ерөнхийлөгч шаардсан, АТГ шалгасан дүр зургийн II үзэгдэл тэгсхийгээд намжлаа. Харин төгсгөлийн бүлэгт “Нүглийн нүдийг гурилаар хуурна” гэгчээр Ерөнхийлөгч амлалтыг нь тийм болгож харагдуулсан АТГ-т дайн зарласнаар өндөрлөв бололтой.

Ямартай ч Монгол улсын тав дахь ерөнхийлөгч Х.Баттулга албан ажлаа хүлээж авсны жилийн ой энэ сард тохиож байна. Түүний  сонгуульд өрсөлдөхдөө таван бүлэг бүхий нэлээд урт мөрийн хөтөлбөрөөс олны анхаарлыг хамгийн ихээр татаж, итгэл төрүүлсэн амлалт бол дээрх хоёр байлаа.

Түүний Монгол ялалтын гол сценүүд гэхэд ч нэг их буруудахгүй. Ам алдвал барьж болдоггүй гэгчээр өдийд түүний амлалтууд тодорхой барьцад хүрчихсэн байх ёстой ч, жирэмсэн эмийн шээх газраас гавьсангүй жилийн нүүр үзэж байна.

Энэ зуур түүний “ӨР ТЭГЛЭХ”, хүүхдийн мөнгийг 100 хувьд олгоё гэх мэт улс төрийн попролыг бүр орхиё! Үүнийг бичиж байгаа минь ч Ерөнхийлөгчөө харлуулах гэсэндээ бус, гагцхүү түүний амлалтыг “мартамхай Монголчууддаа” сануулах гэсэн оролдлого минь.

Монгол ялалтаар сонгогдсон Х.Баттулгад ард түмэндээ амласан амлалт, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд дахиад гурван жил үлдэж байна. Энэ хугацаандаа улс төрийн жүжиг тоглоод өнгөрөх үү, “жинхэнэ Монгол ялалт”-аа тунхаглах уу гэдгийг цаг хугацаа харуулах буй.