Иргэд аливаа хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх, энэ чиглэлийн  эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, гэмт хэргийн гэрч эсвэл хохирогч болсон тохиолдолд ямар туслалцаа авч болох талаар тодруулахаар ЦЕГ-ын Гэрч хохирогчийг хамгаалах хэлтсийн ахлах мэргэжилтэн Ш.Шинэбаяртай ярилцлаа.

Гэрч хохирогчийг хамгаалах төв байгуулагдаад гурван жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд үйл ажиллагаа, цар хүрээ хэр өргөжин тэлсэн бэ?

Цагдаагийн байгууллагад Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх чиг үүрэгт шилжин, 2016 оны наймдугаар сард ЦЕГ-ын харьяанд Гэрч хохирогчийг хамгаалах хэлтсийг байгуулсан. Энэ дагуу 2017 оны 2-р сард цагдаагийн албаны тухай хуулийг шинэчлэн баталж, хуулиар гэрч хохирогчийг хамгаалах чиг үүргийг цагдаагийн байгууллагын чиг үүрэгт тусгаж өгсөн.

Байгуулагдсанаасаа хойш Цагдаагийн албаны тухай хууль, Гүйцэтгэх ажлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Засгийн газраас 2015 онд баталсан гэрч хохирогчийг хамгаалах туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр ажлуудыг хийж хэрэгжүүлсэн.

Түүнчлэн  нийгмийн шаардлага болон шинэчлэгдэн батлагдсан Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хууль тогтоомжтой уялдуулах үүднээс Гэрч хохирогчдыг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага үүссэн учир өнгөрсөн онд хуулийн төслийг боловсруулаад салбар яаманд хүргүүлээд байна.

Хуулийн нэмэлт өөрчлөлтөд ямар, ямар онцлох зүйл заалтууд тусгасан бэ?

Шинэ эрүүгийн хууль батлагдсантай холбоотойгоор Гэрч хохирогчдыг хамгаалах хуульд заасан аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээний зарим нэг хэлбэрийн  тодорхойлолтуудыг өөрчлөхөөр тусгасан. Тухайлбал, одоогийн хуульд эрүүгийн хэмжээнд гэрч хохирогчдод заналхийлэл үүссэн тохиолдолд урьдчилан сануулах арга хэмжээ авна гэж заасан. Гэвч заналхийлэх үйлдэл маань шинэ Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцогдож байгаа учир заналхийлэхээс өмнө урьдчилан сэргийлэх, хамгаалалтын арга хэмжээ авах хэлбэрийг тодорхойлсон гэх мэтчилэн өөрчлөлтүүд орсон.

Одоогийн байдлаар танай хэлтэс хэчнээн хүнд хууль зүйн туслалцаа үзүүлж, хамгаалах арга хэмжээ аваад байна вэ?

Энэхүү хууль 2014 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн. Тухайн үед Тахарын алба уг хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаж байсан бөгөөд 2014 онд 34 иргэн, 2015 онд 85, өнгөрсөн онд 65 гэх мэт нийтдээ хууль хэрэгжиж эхэлснээс хойш 262 иргэнийг хамгаалалтад авсан тоон үзүүлэлт байна. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 20 хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлээд 20 иргэний аюулгүй байдлыг хангасан гэх мэдээлэл байна.

Дээрх иргэдэд ямар, ямар төрлийн хамгаалалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн бэ?

Ерөнхийдөө гэрч хохирогчийг хамгаалах арга хэмжээ нь аюулгүй байдлын болон сэтгэл гэсэн хоёр төрөлтэй. Үүнээс аюулгүй байдлын арга хэмжээ нь дотроо урьдчилан сануулах, мэдээллийн нууцлал, тусгай техник хэрэгслээр гэрч хохирогчдыг хангах, аюулгүй байлгах, биечилсэн хамгаалалт, гадаад төрхийг өөрчлөх гэсэн есөн төрөл байдаг.

Эдгээр арга хэмжээ нь гэрч хохирогчийн оролцож байгаа эрүүгийн хэргийн явц, нотлогдож байгаа болон шийдвэрлэж байгаа байдлаасаа шалтгаалаад урт, богино хугацаанд үргэлжилдэг. Өөрөөр хэлбэл аливаа хэрэг дээр гэрч, хохирогчоор оролцсон иргэн аюул заналхийлэлд өртөн хамгаалалтад авагдсан тохиолдолд тухайн иргэнд тохиолдож буй аюул заналхийлэл хэзээ арилна тэр цагт хамгаалалтын арга хэмжээг зогсоох чиг үүрэгтэй.

Гадны орнуудад насан туршид нь хамгаалалтад авсан ч тохиолдол байдаг. Харин манайд хамгийн удаан хамгаалалтад авсан ямар тохиолдол байна вэ?

Хоёр жил хамгаалалтын арга хэмжээ авсан тохиолдол бий. Өнгөрсөн 2015 онд Тахарын алба ажиллаж байх үед хамгаалалтад авагдсан иргэнийг 2016 онд цагдаагийн байгууллагад Гэрч хохирогчийг хамгаалах байгууллага байгуулагдахад шилжиж ирсэн. Тус иргэнд авсан хамгаалалтын арга хэмжээ 2017 он хүртэл үргэлжилсэн.

Түрүүн таны дурдсан хамгаалалтын арга хэмжээнээс аль хэлбэрийн арга хэмжээ түлхүү авагдаж байна вэ?

Ер нь бол тухайн хэргийнхээ нөхцөл байдал гэрч хохирогчид учирч болох аюулын эрсдэлийн түвшин бодит нөхцөл байдалтай уялдаад ямар хэлбэрийн хамгаалалтын арга хэмжээ авахыг тухайн хэргийг шалгаж буй мөрдөгч, шүүгч, пдорукрор шийдвэрлэдэг. Ерөнхийдөө гэрч хохирогчид ямар нэгэн заналхийлэл үүссэн тохиолдол урьдчилан сануулах аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг түлхүү авдаг. Мөн мэдээллийн нууцлалыг хангах, биечилсэн хамгаалалтад авах, аюулгүй газарт түр байрлуулах зэрэг хамгаалалтын арга хэмжээ дийлэнх тохиолдлуудыг эзэлдэг.

Аюулгүй газарт түр байрлуулах арга хэмжээг ямар тохиолдол түлхүү хэрэглэдэг вэ? Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийг энэ төрлийн хамгаалалтад авдаг уу?

Аюулгүй газарт түр байрлуулах хамгаалалтын арга хэмжээ нь тухайн гэрч хохирогчдод учирч байгаа эрсдэлийн түвшнээс хамаараад амьдарч, ажиллаж байгаа тухайн орчноос нь тодорхой хугацаанд тусгаарлаж, аюулгүй газарт байрлуулах хамгаалалт. Дийлэнхдээ гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийллийн хохирогчдод зайлшгүй авагддаг. Түр хамгаалах байрын хувьд Нийслэлийн цагдаагийн газрын харьяанд түр хамгаалах байр гэж байдаг. Энэхүү байранд ерөнхийдөө гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийллийн  хохирогчдыг түр хамгаалалтад авдаг.

Танай байгууллага үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд ямар бэрхшээл тулгарч байна. Хүн хүчний тал дээр хэр хүртээмжтэй байдаг вэ?

Манай хэлтсийн хувьд нийслэлийн хэмжээнд гэрч хохирогчийг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлж ажиллаж байна. Орон нутагт бол тухайн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага өөрсдөө бие даагаад энэ хамгаалалтыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй. Мөн цагдаагийн бусад алба хаагчид энэ үйл ажиллагаанд оролцох, үүрэг гүйцэтгэх боломж бүрдсэн. Энэ утгаараа хүн хүчний хувьд харьцангуй байна.

Гэрч хохирогчийг хамгаалах хууль батлагдсанаар гэмт хэргийн илрүүлэлтэд ахиц дэвшил гарсан уу?

Мэдээж сайн нөлөө үзүүлж байгаа. Гэхдээ яг нарийн статистик, тоон үзүүлэлт гаргаагүй байх. Олон улсын гэрээ конвенци, Үндсэн хуульд зааснаар төр нь иргэнийхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй. Энэ үүргийг хэрэгжүүлэх, хүний эрхийг хамгаалах, эрүүгийн хэрэгт оролцогчдын эрх, амь насыг хамгаалах тал дээр энэхүү хууль том ахиц дэвшил гаргасан.

Ер нь гэрч  хохирогчийг хамгаалалтад авахдаа тухайн иргэн хүсэлт гаргадаг уу эсвэл мөрдөж байгаа хэрэгт үндэслээд зайлшгүй хамгаалалтад авах ёстой гэж үзээд авдаг уу?

Хэрэв иргэн ямар нэгэн гэмт хэргийн гэрч юм уу хохирогч болсон тохиолдолд тухайн хэрэг шалгагдаж байх хугацаанд иргэнд гэмт хэрэг үйлдсэн этгээдээс ямар нэгэн заналхийлэл ирж болно. Тухайлбал, амь насанд нь халдахыг оролдох эсвэл мэдүүлгийг чинь өөрчлүүлэх, өгөхгүй байлгах гэх зэргээр заналхийлэл ирсэн тохиолдолд иргэн өөрөө болон өмгөөлөгчөөрөө дамжуулан хүсэлтээ гаргаж болно.

Мөн тухайн хэргийг шалгаж байгаа мөрдөгч, прокурор, шүүгч санаачлагаараа хамгаалалтад авч болно. Аль аль нь боломжтой гэсэн үг. Ерөнхийдөө гэрч хохирогчид аюул заналхийлэл, эрсдэлтэй нөхцөл үүсэхийн бол хэргийг шалгаж буй мөрдөгч, прокурор, шүүгчдээ хандах эсвэл өмгөөлөгчөөрөө дамжуулан хүсэлтээ гарган хамгаалалтад орох эрх нь нээлттэй.

Саяхан нэгэн шүүгч тусгай хамгаалалттай объектод амь насаа алдсан. Магадгүй эсрэг талын сэтгэл санааны дарамт шахалтаас болоод амиа хорлох эрсдэл тулгардаг уу?

Хамгаалалтад авагдсан иргэдийн дундаас ийм эрсдэл гараагүй. Аюулгүй байдлын арга хэмжээг хэрэгжүүлэх явцдаа тухайн гэрч хохирогчийг сэтгэл зүйн байдал нь тогтворгүй, амь насаа алдах эрсдэлтэй гэж үзвэл мэргэжлийн сэтгэл зүйч үүнд дээр ажилладаг. Бие махбодын аюулгүй байдлаас гадна сэтгэл зүйн цочролыг арилгах үүднээс туслалцаа, зөвлөгөө өгөх тайвшруулах, зэргээр сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээг давхар авдаг.

Танай байгууллага олон нийт рүү чиглэсэн энэ талын эрх зүйн мэдлэг өгөх ямар арга хэмжээ авч ажиллаж байна?

Гэрч хохирогчдыг хамгаалах үйл ажиллагааг зөвхөн ганц цагдаагийн байгууллага гэлтгүй иргэд олон нийт, төрийн бус байгууллагуудын оролцоо, дэмжлэг туслалцаатайгаар явагддаг өргөн хүрээтэй  үйл ажиллагаа юм. Өнгөрсөн онд манай хэлтсээс Азийн сан олон улсын байгууллагын санхүүжилтээр гэрч хохирогсодтой уулзах, мэдүүлэг авах, зөвлөгөө өгөх, сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх ийм зорилгоор хэлтсийнхээ гурван өрөөг тохижуулсан.

Мөн  иргэд олон нийтэд чиглэсэн гэрч хохирогчдыг хамгаалах тухай хуулийн үйл ажиллагааг сурталчилсан  богино хэмжээний кино шторкуудыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тогтмол явуулсан. Гэрч хохирогчдыг хамгаалах хэлтсийн фэйсбүүк хуудсаар байнгын мэдээлэл түгээж байгаагаас гадна 70191895 /ажлын өдрүүдэд/, 92120606 92020606 гэсэн утсаар 24 цагаар иргэдэд байнгын зөвлөгөө туслалцаа үзүүлж байна.

Ярилцсанд баярлалаа.

Баярлалаа.