Засгийн газрын хуралдаанаар эрүүгийн ял шийтгэлийг гадаадад эдлүүлэх тухай Америкийн улсууд хоорондын конвенцийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжлээ. Ингэснээр уг хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр боллоо.

Дээрх конвенцид нэгдсэнээр тус байгууллагын гишүүн болон гишүүн бус Америк, Канад, Бразил, Мексик зэрэг нийт 21 улстай конвенцид тусгагдсан харилцааг үүсгэх боломж бүрдэх юм.  

Тус конвенци нь 19 зүйлтэй, ялтан шилжүүлэх нөхцөл, ялтны мэдээлэл, ялтан шилжүүлэх хүсэлт гаргах, хүсэлтэд тавигдах шаардлага, ялтан шилжүүлэхээс татгалзах үндэслэл, ялтныг шилжүүлэхдээ гуравдагч улсаар дамжин өнгөрүүлэх нөхцөл, ялыг үргэлжлүүлэн эдлүүлэх зэрэг асуудлыг тусгасан байна.

Манай улс дэлхийн 11 улстай ялтан шилжүүлэх тухай хоёр талт гэрээ байгуулж, ялтан шилжүүлэх тухай Берлин болон Европын зөвлөлийн конвенцид нэгдэн орсон юм. Энэ хүрээнд дээрх зарим улсад ял эдэлж буй өөрийн орны иргэдийг шилжүүлэн авчээ. 

Одоогоор Орос, Японоос тус бүр нэг иргэнээ шилжүүлж авах ажиллагааг явуулж байна. Өнгөрсөн оны байдлаар зөвхөн Хятадад манай улсын 113 иргэн ял эдэлж байгаа юм.