НЭМГ-ын харьяа Наркологийн эмнэлэг, ХУД-ийн хоёрдугаар хороо хамтран Ажлаа танилцуулах өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр эмнэлгийн үйл ажиллагааг танилцуулж, эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийж, сэтгэл зүйн тусламж үзүүлсэн байна. Ийнхүү албаныхны дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, дараах санал дүгнэлтийг гаргажээ. Үүнд:

  • Эрүүл иргэн, архидалтгүй эрүүл хороо болгох зорилт дэвшүүлэн жилийн турш хамтран ажиллаж, үр дүнг тооцох,
  • Наркологийн эмнэлэг нь үйл ажиллагааны дагуу мэргэжил арга зүйгээр хангах, тус хороодын иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүлээгдэл, чирэгдэлгүй үзүүлэх,
  • Дүүргийн эрүүл мэндийн төвийн Наркологийн кабинеттай хамтран ажиллах, хяналтыг тогтвортой болгож үр дүнг тооцох,
  • Эрүүл архидалтгүй хороог бий болгох, архины хамааралтай иргэдийн судалгаа, бүртгэлийг гаргаж, нийгэм халамжийн тусламж дэмжлэгийг үзүүлэх ажлыг хорооны удирдлага зохион байгуулах,
  • Хууль хяналтын байгууллагаас архины албадан эмчилгээнд явуулсан иргэдийг мэргэжлийн эмчийн хяналтад оруулах, хамтран хяналт тавих,

Үүнээс гадна Наркологийн эмнэлгийн зүгээс архины асуудалтай, өөрийн хүсэлтээр хэвтэн эмчлүүлэх хүсэлтэй, архины хамааралтай хүнтэй хамт амьдарч буй гэр бүлийн гишүүдийг хэвтүүлэн эмчлүүлэхээр болсон байна.

Сонирхуулбал, ДЭМБ-ын мэдээлснээр дэлхийд жилд гурван сая хүн архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барж байгаа юм. Өөрөөр хэлбэл нэг минутад зургаан хүн нас бардаг бөгөөд дөрвөн хүн тутмын гурав нь эрэгтэй байна.

Манай улсын архины хэрэглээ мөн өндөр байгаа ба согтууруулах ундааны үйлдвэрлэл 2008 оноос хойш тав дахин нэмэгдэж, насанд хүрсэн нэг хүнд жилд 52.5 литр согтууруулах ундаа ногдож байгаа юм.