Хотын даргын Эрүүл иргэн аян зохион байгуулах тухай захирамжийн дагуу иргэдийн дунд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо хийж эхэллээ. Аян 10-р сарын 15 хүртэл үргэлжлэх ба энэ онд нийт 70 мянган хүнийг хамруулахаар төлөвлөжээ. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах хүсэлтэй иргэд Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандах боломжтой.

Энэхүү аяны хүрээнд нийслэлийн 152 хороодын Өрхийн эрүүл мэндийн төвд дотор, мэдрэл, зүрх судас, нүд, чих хамар хоолой, хавдар, сүрьеэ, эмэгтэйчүүд зэрэг төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоо хийж байна.

Мөн ЭХО, рентген, зүрхний бичлэг зэрэг багажийн шинжилгээ, түргэвчилсэн оношлуураар чихрийн шижин, хөх умайн хүзүүний өмөн, хавдар, БЗДХ зэргийг илрүүлэх цусны шинжилгээг хийж байгаа юм.

Ийнхүү иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, эрт илрүүлэгт хамруулснаар артерийн даралт ихсэх өвчний эрт илрүүлгийг 70 хувь, чихрийн шижин өвчний эрт илрүүлгийг 60 хувьд хүргэх боломжтой байна.

Түүнчлэн зүрх судасны өвчлөлөөс шалтгаалсан нас баралтыг 14 промиль, хорт хавдраас шалтгаалсан нас баралтыг 12 промильд хүргэх, сүрьеэ, БЗДХ, ХДХВ/ДОХ-ын эрт илрүүлгийн хамралт болон эмчилгээний амжилтын хувийг нэмэгдүүлнэ гэж үзжээ.

Үүнээс гадна нөхөн үржихүйн насны охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтэн тогтолцооны эмгэгийг эрт үед нь илрүүлж, эмчийн хяналтыг сайжруулснаар эрүүл хүүхэд төрөх боломжийг нэмэгдүүлэх гэнэ.

Дашрамд дурдахад, Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгаалал үндэсний хөтөлбөрийг баталсан юм. Тус хөтөлбөр нь ажлын орчин нөхцөлийг сайжруулж, эрүүл мэндийг хамгаалах, ажилтнуудын ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх, бодит орлого, ажиллах урам зоригийг нэмэгдүүлэх зорилготой байна.