Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгаалал үндэсний хөтөлбөрийг баталж, хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг ЭМЯ-ны сайд Д.Сарангэрэл болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Энэхүү хөтөлбөрийн санхүүжилтийг жил бүрийн батлагдсан төсөвт багтаан хэрэгжүүлэх ба шаардлагатай нэмэлт санхүүжилтийг олон улсын байгууллага, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх замаар шийдвэрлэх юм.

Тус хөтөлбөр нь ажлын орчин нөхцөлийг сайжруулж, эрүүл мэндийг хамгаалах, ажилтнуудын ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх, бодит орлого, ажиллах урам зоригийг нэмэгдүүлэх зорилготой байна.

Үндэсний хөтөлбөр нь дөрвөн чиглэл, 46 үйл ажиллагаатай бөгөөд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын орон сууц, ажлын нөхцөл, сургалт, хөдөлмөрийн аюулгүй байдал зэргийг шат дараатай шийдэх гэнэ. Үүнээс гадна 2023 он хүртэл таван жилийн хугацаатай хэрэгжих юм.

Манай улсад 52 мянга гаруй эрүүл мэндийн ажилтан байгаагийн 93 хувь нь эрүүл мэндийн салбарт ажилладгийн 82 хувь нь эмэгтэйчүүд байна.

Өнгөрсөн онд Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс хийсэн судалгаанд хамрагдсан хүмүүсийн 20 хувь нь орон сууц болон хувийн тохилог орон сууцанд, 59.2 хувь нь хашаа байшинд, 15.2 хувь нь гэрт, 5.4 хувь нь түрээсийн байранд амьдардаг гэж хариулжээ.

Түүнчлэн судалгаанд оролцогчдын 10.3 хувь нь орон сууцны зээлтэй бөгөөд 42 хувь нь түрээсийн орон сууцанд, 87.4 хувь нь орон сууцны ипотекийн зээлд хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн байна.