Баярын өдрүүдэд ЭМЯ болон холбогдох байгууллагад 24 цагийн жижүүр ажиллах ба Өрхийн эрүүл мэндийн төв, дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, дотор, шүдний кабинет, Шүд эрүү нүүрний төв 10:00-15:00 цагийн хооронд ажиллана.  

Мөн Эрүүл мэндийн яамны 323002,  Нийслэлийн эрүүл мэндийн газрын 320981, ХӨСҮТ-ийн 100 дугаарын утас ажиллах юм. Үүнээс гадна наадмын өдрүүдэд бороо хур элбэг, 25 хэмээс дээш халах төлөвтэй байгаа тул үер усны аюул, наршилт, хоолны хордлогоос сэргийлэхийг зөвлөлөө. 

Иймд өндөр настай, даралт ихтэй, зүрх судасны өвчтэй, чихрийн шижинтэй хүмүүс болон бага насны хүүхдүүд хурц наранд удаан зогсохгүй байх хэрэгтэй.

Наршсан үед илрэх шинж тэмдэг

  • Бие суларч тамир тэнхээ алдах
  • Толгой эргэж өвдөх
  • Биеийн халуун нэмэгдэх
  • Цээж багтран амьсгаа цухалдах
  • Царайны өнгө цонхийж цайх
  • Бөөлжис хүрч, дотор муухайрах
  • Хөлс гарах нь багасах эсвэл ихсэх
  • Нүүр чинэрэн улайна

Сонирхуулбал, нийслэлд 219 өрхийн эмнэлэг үйл ажиллагаа явуулж байна.