Төвийн дүүргийн сургуулийн зургадугаар ангид сурдаг охин дүү маань “Эгчээ манай найзын сарын тэмдэг нь ирээд өмд нь цус болчихсон. Тэгээд миний цамцаар тэрийгээ нууж уяад ээжийгээ дуудсан. Сандал дээр суухаар цус болоод байсан болохоор ангийнханд мэдэгдэхгүйн тулд сандлаас хөндий суусан” гэж ярьсан юм.

Ийнхүү “Надад ч гэсэн тийм юм ирэх үү, Яг хэзээ ирэх вэ, Ирэхээр нь би яах уу” гэх мэтээр эрүүл мэндийн хичээлийн мэдлэг хомс дүүгийн минь сониучхан асуултууд хөвөрсөн юм.

Нэгэн үе боловсролын хөтөлбөрөөс хасагдаж Биеийн тамир, Биологийн хичээлтэй хавсран орж байсан эрүүл мэндийн хичээл энэ жилээс бүтэн цагаар орж байгаа ч хэр үр дүнтэй байгаа нь дээрх жишээнээс харагдаж байна.

Энэ мэтчилэн эрүүл мэндийн хичээл чанаргүй байгаагаас үүдэн охид хүсээгүй жирэмслэлтэд өртөх, бусдын дэргэд ичгэвтэр байдалд орох, өсвөр насандаа хүүхэд төрүүлж сургууль цэцэрлэгээс завсардах зэрэг эрсдэлтэй нүүр тулгардаг.

Тухайлбал, 2017 онд 3589 орчим өсвөр насныхан төрсөн ба эдгээр охид тодорхой хугацаанд сургуулиасаа завсардан асар их сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

Гэтэл эдгээр охидын хэд нь сургуулиа орхисон талаарх судалгаа, тоон мэдээлэл байхгүй бөгөөд өсвөр насандаа жирэмсэн болсон охиныг “Бусдадаа буруу үлгэр дуурайлал болно” гэх шалтгаанаар сургуулиас нь хөөсөн тохиолдолд ч байгаа юм.

Хотын захын хороололд үсчин хийх 25 настай “З” (Бүтэн нэрээ гаргахгүй байх шаардлага тавьж бидэнтэй ярилцсан болно) одоо дөрвөн хүүхэдтэй. Тэрээр том хүүгээ наймдугаар ангидаа буюу 16 насандаа төрүүлсэн байна. Жирэмсэн болсныг нь ээж нь гадарлаж эмнэлэгт дагуулан очсоноор тэрээр жирэмсэн болсноо мэджээ.

“Хордлого их байсан болохоор хоолны үнэр авч чаддаггүй байсан. Тэгээд ээж надаас ‘найз хөвгүүнтэй юу, дотно харьцаанд орсон уу’ гэж асуугаад эмнэлэг дагуулж явсан. Би дотно харьцаа гэж юу болохоо ч мэдэхгүй ээжийг даган өрхийн эмнэлэг дээр очоод гурван сар гарантай жирэмсэн гэдгээ мэдсэн. Тэгээд л шууд сургуулиасаа гарч, жирэмсэн болсноосоо ичиж, ангийнхан маань намайг харчихвий гэж их айдаг байсан. Өрхийн эмнэлэг сургуулийн хажууд байсан болохоор бараг л очиж үзүүлээгүй төрсөн. Тухайн үед ээж, эмээ, хамаатнууд, өрхийн эмч гээд бүгд л намайг загнаж, элдвээр хэлдэг байсан. Гэхдээ би хүүгээ 16 насандаа төрүүлсэндээ харамсдаггүй. Харин ч нөхөр бид хоёр дөрвөн хүүхэдтэйгээ сайхан амьдарч байна. Заримдаа сургуульдаа сурсан бол 10 жилийн найз нөхөдтэй сайхан байх байсан даа гэж боддог ч хүүхдүүддээ хараад л сэтгэл дүүрчихдэг юм” хэмээн өөрийнхөө түүхийг бидэнд хуваалцсан юм.

З-ийн хувьд амьдралдаа сэтгэл хангалуун элэг бүтэн байгаа ч жирэмслэлт гэж юу болох, хэрхэн хамгаалах талаар мэдээгүйгээсээ болж сургуулиа хаяж, ээж болсон мянга мянган охид эмзэг бүлгийн төлөөлөл болон амьдарч байна.

Энэ талаар Гүнж төвийн хөгжлийн ажилтан Б.Гэрэлтуяа хэлэхдээ, “Манайхаас тусламж авдаг зарим охид бүр жирэмсний тест ч хэрэглэж мэддэггүй. Энэ мэтээр охидын эрүүл мэндийн боловсрол маш муу байна. Өсвөр насны охидын жирэмслэлт ихсэх нь эцсийн дүндээ чанаргүй хүн амыг өсгөж, ажил мэргэжилгүй, ядуу давхаргыг бий болгох эрсдэлтэй” гэсэн юм.

Түүний хэлснээр ЕБС-ийн сурагчдыг охид хөвгүүдээр нь хуваан эрүүл мэндийн талаарх мэдлэгийг хандлага болгон хэвшүүлэх шаардлагатай гэнэ. Мөн өсвөр насандаа хүүхэд төрүүлсэн ч эргээд сурах боломжийг нь бүрдүүлэх нэн шаардлагатай байна.

Тиймээс энэ талаар Эрүүл мэндийн яамнаас лавлахад, “Хариуцсан мэргэжилтэн нь өвчтэй байгаа учир мэдээлэл өгөх хүн байхгүй” гэх хариултыг өгсөн юм. Яамнаас баталсан хөтөлбөрийн дагуу эрүүл мэндийн хичээл ЕБС-ийн бага, дунд, ахлах ангиудад хувийн болон орчны эрүүл мэнд, хооллолт, хөдөлгөөн, сэтгэцийн эрүүл мэнд, хорт зуршил, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, жендерт суурилсан хүчирхийлэл гэх зургаан сэдвээр орж байна.

Хэдийгээр ЕБС-ийн бүх сурагч эрүүл мэндийн хичээлээс зохих мэдлэгээ авч чаддаггүй гэх нь өрөөсгөл ойлголт хэдий ч дийлэнх нь жирэмслэлт, бэлгийн боловсрол, жирэмслэлтээс хамгаалах арга байтугай сарын тэмдгийн талаар ч мэдлэггүй байна.

Хүн болгон математикч болох албагүй ч аав ээж болдог нийгэмд шинжлэх ухааны тоо, томьёоноос илүү эрүүл мэндийн талаарх чанартай боловсрол чухал байгааг УИХ-ын гишүүд, сайд болоод ЕБС-ийн багш нарт сануулахад илүүдэхгүй биз ээ.