Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор нийслэл рүү чиглэсэн хөдөлгөөн ихэсч хулгай, залилан зэрэг гэмт хэргийн гаралт нэмэгдэн оюутан залуус архидан согтуурах явдал ихэсдэг байна.

Тиймээс эрүүлжүүлэгдсэн оюутныг хуулийн дагуу шийтгэж, сургуульд нь албан мэдэгдэл хүргүүлдэг боллоо. Ингэснээр сургууль тухайн оюутныг дахин ийм алдаа дутагдал гаргахгүй байхад анхаарч ажиллах юм байна.

Мөн “улсын сургуульд элсэлтийн шалгалтгүйгээр хямд үнээр бүртгүүлж өгнө, Оюутны байр, нийтийн байранд үнэ төлбөргүйгээр оруулна” гэх худал зар мэдээлэл идэвхтэй тархдаг байна. Улмаар жил бүр 10-20 хүн энэ төрлийн залилангийн хохирогч болж, эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохирдог гэнэ.

Иймд энэ төрлийн зар мэдээлэлд итгэн, залилангийн гэмт хэргийн хохирогч болж, хууль зөрчсөн үйлдэл хийхгүй байхыг ЦЕГ-аас анхаарууллаа.

Үүнээс гадна Дорноговь аймаг Замын-Үүд сумын гуравдугаар баг, Замын-Үүд-2 өртөөнд вагонд хүнд дайруулж нас барлаа гэх дуудлага өчигдөр 10:30 цагийн үед Цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Дуудлагын дагуу үзлэг шалгалт хийхэд, тус өртөөний холбооны механикч ажилтай 29 настай Б нас барсан байжээ. Одоогоор хэргийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.

Сонирхуулбал, энэ жил ЕБС-ийн хичээлийн шинэ жилийн нээлт Бямба гарагийн 14:00 цагт, их дээд сургууль есдүгээр сарын гурванд болно.