Этиопийн агаарын тээврийн Боинг 737 MAX 8 онгоц нийслэл Аддис Абаба хотоос хөөрөөд зургаан минутын дараа осолдсон байна. Кенийн нийслэл Найроби хотыг чиглэсэн уг онгоцонд Канад, Итали, Америк, Хятад зэрэг 30 орны 149 зорчигч, нислэгийн багийн найман гишүүн явсан бөгөөд бүгд газар дээрээ амиа алджээ.

Албаныхны мэдээлснээр онгоц хөөрөх үед хурд нь тогтворгүй байсан ба нисгэгч онгоцонд асуудал гарсныг мэдсэн даруйдаа буцах зөвшөөрөл хүссэн байна. Мөн гэрчүүдийн хэлснээр онгоц газар унаад шатаж эхэлсэн бөгөөд унтраах боломжгүй байсаар бүхэлдээ шатаж дууссан гэнэ.

Этиопийн засгийн газар энэ сарын 11-ийг үндэсний гашуудлын өдөр болгон зарласан ба Канадын ерөнхий сайд Жастин Трюди, Их Британий ерөнхий сайд Тереса Мэй, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес нар эмгэнэл илэрхийлсэн байна.

Уг осолттой холбоотойгоор Хятад болон Этоипийн агаарын тээврийн газар Боинг 737 MAX 8 онгоцны бүх нислэгийг цуцалсан бөгөөд Боинг  компани, Америкийн агаарын тээврийн газар уг онгоцны аюулгүй байдалд баталгаа гаргасны дараа нислэгийг үргэлжлүүлэх гэнэ.

Боинг 737 MAX 8 онгоцыг 2017 оноос нислэгт ашиглаж эхэлсэн ба Этиопийн агаарын тээвэр уг онгоцыг өнгөрсөн 11-р сард худалдан авч хоёрдугаар сард туршилтын нислэгийг амжилттай гүйцэтгэжээ.

Боинг 737 MAX 8 онгоц осолдсон анхны тохиодол өнгөрсөн 10-р сард гарсан бөгөөд Индонезын Лион эйр компаниар үйлчлүүлж байсан 189 хүн амиа алдсан байна. Боинг компаний мэдээлснээр MAX цуврал нь түлшний багтаамж их, чимээ багатай учир богино болон дунд зайны нислэг үйлдэхэд тохиромжтой гэнэ.

Этиопийн агаарын тээвэр нь Африкийн бусад тээврийн компаниудтай харьцуулахад нислэгийн аюулгүй байдлыг сайн хангадаг ч тэдний нэг онгоц 2010 онд Газар дундын тэнгист осолдож 90 хүн амь насаа алджээ.

 

Эх сурвалж: BBC, RT, NHK