Заримдаа эцэг эхчүүдийн санамсаргүй, тоомжиргүй хэлсэн тэдгээр үгс хүүхдэд ямар нэг таагүй сэтгэгдэл үлдээж болно. Иймд та доорх үгсийг хүүхдэдээ бүү хэлээрэй. 

Яагаад гэвэл би том хүн

Энэ үг нь наснаас өөр юуг ч илэрхийлдэггүй учир хүүхэд яагаад таны хэлсэн үг зөв болохыг сайн ойлгохгүй. Иймд “Би ч гэсэн чиний насан дээр байж үзсэн. Тиймээс би буруу гэдгийг нь мэдэж байна” гэж ойлгуулаарай.

Чи юу ч хийсэн бай, би чиний талд зогсох болно

Энэ үгийг байнга хэлбэл хүүхэд айх ичихээ мэдэхээ больж болзошгүй. Хүүхэд таныг ингэж хэлмэгц, өөрийнхөө хийхийг хүсэж байгаа бүх үйлдлийг зөв гэж зүтгэх болно. Гэхдээ хааяа өөртөө итгэх итгэл хэрэгтэй үед ингэж хэлж болно.

Чи энэ бүхнийг ойлгоход дэндүү балчир байна

Энэ үгийг сонсоод хүүхэд харин ч томчуудын хэрэгт оролцох гэж зүтгэнэ. Тиймээс асуултад нь түүний насны хүүхэд ойлгохоор хялбаршуулж хариулах хэрэгтэй.

Чи намайг боль л гэсэн бол болих ёстой

Энэ үгийг хэлснээрээ та түүний найз биш дарангуйлагч нь гэдгээ илтгэж байгаа хэрэг. Үүний оронд түүний хийсэн үйлдэл ямар хор уршигтайг тайлбарлаж, яагаад болих ёстойг нь хэлж өгөөрэй.

Танай эгч чиний насан дээр наадахыг чинь хийж чаддаг байсан 

Хүүхдээ эгчид нь дургүй болгохыг хүсээгүй л бол энэ үгийг бүү хэл. Мөн түүнийг хөршийн хүү, найзынхаа охинтой бүү харьцуулаарай. Учир нь тэр таныг өөртөө биш, зөвхөн илүү онц сурдаг, илүү мундаг хүүхдүүдэд л хайртай юм байна гэж ойлгоно.

Чи лав миний хүүхэд биш байх аа

Хэзээ ч энэ үгийг амнаасаа бүү унага. Таны хүүхэд заавал тань шиг 10 жилдээ толгой цохиж, их сургуулиа улаан диломтой төгсөж, бүжиг сонирхож, зураг зурдаг байх албагүй. Та томоотой байсан бол тэр дэггүй байж болно. Таны хүүхдэд ч бас өөрийн гэсэн онцлог байгаа учраас түүнийг таниас өөр үйлдэл хийснийх нь төлөө ийм үгээр бүү шийтгэ.

Намайг үхсэн хойно тэгээрэй

Та түүний саналыг дэмжихгүй байгаа бол яагаад дэмжихгүй байгаагаа учирлаж хэлэх хэрэгтэй. Харин үхлийн тухай дурдах хэрэггүй.

Аавыгаа ирэхээр л наадхаа бол

Хариуцлагаас мултрах гэсэн оролдлого чинь бүтэхгүй л болов уу? Үргэлж ингэж хэлбэл тэр таниас биш зөвхөн ааваасаа аливаа зүйлийг асуудаг болно.

Чи надад ямар их дарамт болж байна гээч

Хүүхэд хэлсэн үг бүрийг чин сэтгэлийнх мэтээр хүлээж авдаг. Иймд өөрийгөө үзэн яддаг нэгэн болгож хүүхдээ төлөвшүүлэхгүйн тулд энэ үгнээс зайлсхийх хэрэгтэй.

Найзуудаас чинь л болж байгаа юм

Найзтайгаа нийлж хүүхдийн үснээс зулгаасан бол тэр нь зөвхөн түүний найзын буруу биш. Түүний буруу бага ч гэсэн бий. Тиймээс түүнд ингэж хэлэх нь шударга бус байдалд сургах уршигтай. Өөрийнх нь буруутай хэсгийг эвтэйхнээр хэлж, дахиж тийм үйлдэл хийхгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй.