Тус яамны мэдээллийн систем нь суурь бүртгэл, статистик тайлан мэдээ солилцох үүрэгтэй байсан бол энэ хичээлийн жилээс ЕБС, цэцэрлэг, багш сурагч, эцэг эхэд чиглэсэн систем болон өргөжжээ. Ийнхүү 2019 он гэхэд боловсролын салбар бүрэн цахим системд шилжихээр болсон байна.

Ингэснээр багш бүр салбарын сайддаа санал хүсэлтээ шууд хүргэж, эцэг эхчүүд интернет ашиглан хүүхдийнхээ сурлага, ирц зэрэг мэдээллийг цаг тухайд нь авдаг болох юм. Үүний тулд эцэг эх, асран хамгаалагчид Google play store болон app store-с ESIS аппликейшнийг татах шаардлагатай.

Мөн цахим сурах бичиг, сургалтын материал, гэрийн даалгавар, цахим ирцийн бүртгэл, явцын үнэлгээ, улирлын дүнг зэргийг цахимд хийснээр цаасан журналыг бүрэн халах гэнэ.

“Энэ систем бүрэн утгаараа ажиллаж эхэлснээр салбарын олон асуудал цэгцэрнэ. Бид тоон мэдээлэл, статистикт тулгуурлан системийн дүн шинжилгээг хийж үүн дээрээ тулгуурласан бодлого, төлөвлөлт хийдэг болно” гэж салбарын сайд Ц.Цогзолмаа ярилаа.  

Цахим  системийн шилжилттэй холбоотойгоор БСШУСЯ, сургуулиудад бүсчилсэн сургалт явуулахаар төлөвлөж байна.

Сонирхуулбал, Энэ хичээлийн жилд төрийн 654, төрийн бус 144 сургуульд 575 мянга гаруй суралцагч суралцаж байна. Мөн 73 мянган хүүхэд нэгдүгээр ангид элссэн ба энэ нь өнгөрсөн оноос 11 мянгаар нэмэгдсэн үзүүлэлт юм.