Тайландын Бангкок хотноо болж өндөрлөсөн боксын ААШТ-ээс манай тамирчид нэг алт, долоон хүрэл медаль хүртлээ.

Тодруулбал, тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Цэндбаатар түрүүлж, энэ оны Ази тивийн аваргаар тодорлоо.

Тэрбээр пүрэв гарагт мөнгөн медалийн төлөөх тулаанд Узбекстаны боксчин Ш.Рахимовыг 5:0 харьцаагаар ялснаар алтан медалийн төлөө өрсөлдөх эрх авсан юм.

Ийнхүү Э.Цэндбаатар аваргын төлөө Казахстаны тамирчин З.Сапиуллинтай тулалдаж, илт давуугаар ялсанаар Монголын боксчдоос төрсөн 15 дахь Ази тивийн аварга болж байна.

Мөн эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Мөнгөнсаран, 54 кг-д ДАШТ-ий хүрэл медальт М.Нандинцэцэг,  60 кг-д залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт М.Намуун, 81 кг-д Азийн наадмын дэд аварга Э.Ундрам нар хүрэл медаль хүртсэн юм.

Түүнчлэн эрэгтэйчүүдийн 56 кг-д дэлхийн оюутны наадмын аварга Х.Энх-Амар, 64 кг-д Азийн наадмын мөнгөн медальт Б.Чинзориг, 81 кг-д Н.Шинэбаяр нар мөн хүрэл медаль хүртлээ.