Сүүлийн дөрвөн жил хэлэлцээр хийсний дүнд Япон Европын холбоотой чөлөөт худалдааны гэрээг байгууллаа. Энэхүү эдийн засгийн түншлэлийн гэрээ нь дэлхийн нийт худалдааны 40 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувийг эзлэх юм байна.

Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдсанаар Япон Европooс импортлох нийт барааны 94 хувийг тарифаас чөлөөлөх бол экспортын барааны 99 хувийн тарифыг Европийн холбоо чөлөөлөх гэнэ. Гэрээ албан ёсоор батлагдвал ирэх оны гуравдугаар сар гэхэд хүчин төгөлдөр болох юм байна.

Худалдааны гэрээнд Японы ерөнхий сайд Шинзо Абэ, Европын зөвлөлийн ерөнхийлөгч Доналд Таск, Европын комиссын ерөнхийлөгч Жан-Клод Юнкер нар гарын үсэг зуржээ.

Үүний дараа талууд хэвлэлийн бага хурал хийж, Америкийн ерөнхийлөгч Доналд Трампын өдөөсөн нэг талыг барьсан үзлийн эсрэг байр суурьтай буйгаа илэрхийлсэн байна. Европын зөвлөлийн ерөнхийлөгч Доналд Таск, “Газарзүйн хувьд бид хол ч эдийн засаг, улс төрийн хувьд хэзээ ч ийм ойр байсангүй” гэжээ.

Чөлөөт худалдааны гэрээ хүчин төгөлдөр болсноор Японы дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэг жилд 5 триллион иенээр буюу нэг хувиар өсгөж, 290,000 шинэ ажлын байр бий болгоно гэж Засгийн газар нь үзсэн байна.

Өнгөрсөн жил Япон, Европын холбоо хоорондоо 152 тэрбум доллар бүхий бүтээгдэхүүн үйлчилгээ худалдаалжээ.

Эх сурвалж: NHK, Japantimes, CNN