Европын холбооноос Америкийн виски, мотоцикл, жүржийн шүүс, тамхи, самрын тос зэрэг бараанд 2.4 тэрбум доллар бүхий 25 хувийн импортын тариф оногдуулсан бөгөөд өнөөдрөөс эхлэн хүчин төгөлдөр боллоо.

Үүнээс гадна гутал, зарим төрлийн хувцас, угаалгын машинд 50 хувийн тариф оногдуулсан байна.

Энэ нь гуравдугаар сард Америкаас дотоодын компани, үйлдвэрлэлээ дэмжиж, худалдааны алдагдлаа нөхөх зорилготой Европын холбоонд оногдуулсан гангийн 25 хувь, хөнгөн цагааны 10 хувийн импортын тарифын хариу юм.

Америк Европын холбооноос гадна Канад, Мексик, Энэтхэг зэрэг холбоотнууддаа ч оногдуулсан бөгөөд тэд хариу арга хэмжээ авахаа илэрхийлсэн байна.

Европын холбооны комиссын ерөнхийлөгч Жан-Клод Юнкер, өнөөдрөөс эхлэнхэрэгжиж буй татварын талаар “бид тэнцвэрт байдлыг хадгалж, хамгаалахын тулд хийх ёстой бүхнээ хийнэ” гэжээ.

Мөн Америк Хятадтай худалдааны дайн эхлүүлсэн юм. Хамгийн сүүлд өнгөрсөн Баасан гарагт 50 тэрбум доллар бүхий Хятадын импортын бараанд тариф оногдуулж, энэ Даваа гарагт дахин 200 тэрбум долларын тариф оногдуулна гэж сүрдүүлжээ.

Харин Хятад хүчтэй хариу арга хэмжээ авахаа илэрхийлсэн байна.

Олон улсад оногдуулсан Америкийн тарифууд дэлхийн эдийн засгийг доройтуулж, худалдааны дайн үүсгэнэ гэх хардлага олны дунд байгаа юм.

Эх сурвалж: BBC