Европын холбооны удирдагчид Болгарын нийслэл Софи хотноо хоёр өдрийн уулзалт хийж, Ираны цөмийн гэрээг Америкийн оролцоогүйгээр үргэлжлүүлэхээр болсон байна. Уг шийдвэр энэ Пүрэв гарагт гарчээ.

Тэд гэрээний журмыг Баасан гарагаас эхлэн хэрэгжүүлэн, Иранд бизнес эрхэлдэг Европын компаниудыг Америкийн хоригоос хамгаалах арга хэмжээ авахаар болжээ.

Одоогоор Европын холбоонд тулгарах гол сорилт нь тэдний авах арга хэмжээ үр ашигтай байх эсэх аж. Учир нь бизнес эрхлэгчид Америкийн хоригоос зугтах боломжгүй байх магадлал өндөр юм байна.

Зарим компаниуд Иран дахь үйл ажиллагаагаа зогсоох талаар хэлэлцэж эхэлжээ. Хэрэв энэ хандлага газар авч, Европын компаниуд Иран дахь үйл ажиллагаагаа зогсоовол Иран ч цөмийн гэрээг орхих хандлагатай юм.

Ираны цөмийн гэрээ нь 2015 онд байгуулагдсан ба Америк, Герман, Франц, Их Британи, Хятад, Орос зэрэг зургаан улс гарын үсэг зурсан. Тэд Иранд үзүүлсэн хориг арга хэмжээгээ сулруулж оронд нь Иран цөмийн хөтөлбөрөө зогсоохоор тохирсон юм.

Гэвч Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп уг гэрээг “ялзарсан” гэж шүүмжлэн энэ сарын эхээр гэрээнээс гарах болсноо мэдэгдсэн. Америк Ираны цөмийн гэрээнээс гарснаар тус улс ам.доллараар гүйлгээ хийх эрхгүй болж, улмаар эдийн засаг нь улам доройтон нефтийн экспорт нь тасалдах юм.

Иран нь дэлхийн гурав дахь том нефть нийлүүлэгч бөгөөд хэрэв тус улсын экспорт тасарвал бензиний үнэ дэлхий даяар өсөх магадлалтай байна. Америкийг гэрээнээс гарснаас хэдхэн хоногийн дараа нефтийн үнэ огцом өсөж баррель нь 70 долларт хүрсэн бол одоо 80 долларт хүрээд байна. Энэ тоо цаашид ч өсөн ирэх жил гэхэд баррель нь 100 долларт хүрнэ гэж “Америкийн банк” тооцоолжээ.

Уулзалтынхаа хүрээнд Европын холбооны удирдагчид Америкийн ган, хөнгөн цагааны татварын талаар ч ярилцсан байна. Европын орнууд одоогоор уг татвараас чөлөөлөгдөөд байгаа юм.

Энэ талаар Европын холбооны комиссын дарга Жан-Клод Юнкер хэвлэлийн бага хурлын үеэр “Хэрэв Америк Европын орнуудыг татвараас бүрэн чөлөөлвөл бид Aмериктай машин болон бусад бараа бүтээгдэхүүн чөлөөтэй худалдаалах буюу Еврoпын зах зээлд илүү нэвтрэх боломжийг санал болгоход бэлэн байна” гэжээ.

Эх сурвалж: NHK