Европын комиссын анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр Германы батлан хамгаалахын сайд Урсула фон дер Лайен сонгогдлоо. Тэрээр ийнхүү 383 гишүүний саналаар ирэх 10-р сарын 31-ээс эхлэн таван жилийн хугацаатай Европын комиссын ерөнхийлөгчөөр ажиллана 

Их Британий дараагийн ерөнхий сайдаар сонгогдох магадлал өндөртэй байгаа Борис Жонсон 10-р сарын 31-нд Европын холбооноос гэрээтэй, гэрээгүй гарна гэдгээ мэдэгдсэн юм. 

Харин Фон дер Лайен Брикситийн эцсийн хугацааг хойшлуулж болох ч гэрээг дахин хэлэлцэхгүй гэсэн байр суурьтай байна. 

Фон дер Лайен сонгуулийн хариу гарсны дараа сэтгүүлчдэд хандан, “Надад хүлээлгэсэн итгэл бол Европт хүлээлгэж буй найдвар. Уг найдвар нь бие биеэнтэйгээ тэмцэлдэх бус хамтдаа ирээдүйн төлөө зүтгэхэд оршино” гэжээ. 

Мөн Их Британий дараагийн ерөнхий сайдад Жонсон, Жереми Хант нарын аль нь тохирох вэ гэх асуултад, “Тэдний талаар сайн мэдэхгүй. Надад бүх засгийн газрын удирдлагуудтай зохион байгуулалттай хамтарч ажиллана гэсэн алтан дүрэм бий” гэсэн байна. 

Фон дер Лайен сонгуульт ажлынхаа үеэр Европын комиссын 28 комиссарыг сонгоход хүйсийн тэгш байдлыг харгалзан үзэж эмэгтэй нэр дэвшигчдийг дэмжинэ гэдгээ илэрхийлжээ. Европын комисст 1958 оноос хойш 183 комиссар сонгогдсоны 35 нь эмэгтэй байсан юм. 

Үүнээс гадна Фон дер Лайен Европын хүүхдүүдэд үнэгүй эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ үзүүлэх, цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэх, нийгмийн халамжийн системд хөрөнгө оруулах, татварын уян хатан байдлыг бий болгох зэрэг ажлыг хийнэ гэж хэлсэн байна. 

Мөн 2050 он гэхэд Европын нүүрстөрөгчийг бууруулахын тулд олон тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийх, улс орнуудад татвар тавих арга хэмжээ авах юм. Фон дер Лайен 2005 оноос хойш Германы канцлер Ангела Меркелийн засгийн газарт ажиллаж байна. 

Тэрээр ерөнхийлөгчөөр сонгогдох магадлал бараг байгаагүй учир түүний ялалт ямар нэг хуйвалдааны үр дүн байж магадгүй гэж Европын комиссын зарим гишүүд үзэж байгаа юм. 

Европын парламентын анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр 1979 онд Францын эрүүл мэндийн сайд асан Симони Вейл сонгогдож байжээ. Тэрээр дэлхийн хоёрдугаар дайны үед Еврейчүүдийн хорих лагерт хоригдож байсан ба эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа жирэмслэлтээс хамгаалах эм, үр хөндүүлэх хагалгааг хуулиар зөвшөөрүүлэхээр ажиллаж байсан юм. 

Эх сурвалж: CNN, The guardian