Европын комиссоос Америкийн мэдээлэл технологийн томоохон компани болох Google-ийг хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ шахаж, зах зээлд давамгайлсан хэмээн буруутган таван тэрбум долларын торгууль оногдуулжээ.

Мөн Google-ийг уг үйл ажиллагаагаа 90 хоногийн дотор зогсоох үүрэг өгсөн бөгөөд эс биелүүлбээс толгой компани Alphabet-ийн дэлхий даяар олдог өдрийн дундаж орлогын тав хүртэлх хувийн нэмэлт торгууль оногдуулна гэсэн байна.

Европын комиссын зах зээлийн өрсөлдөөний бодлого хариуцсан дарга Маргаретт Ветажер хэлэхдээ, “Google 2011 оноос App store-г ашиглахын тулд Chrome хайлтын системийг заавал суулгасан байх ёстой гэх шаардлагыг Андройд төхөөрөмж үйлдвэрлэгч, сүлжээний операторуудад тавьж эхэлсэн байдаг. Ингэснээр хэрэглэгчдийн сонгох эрх, шударга өрсөлдөөний хуулийг зөрчиж, зах зээлд давамгайлах болсон” гэжээ.

Үүнээс гадна худалдаанд гарахаас өмнө Google-ийн аппликэйшнүүдийг суулгуулахаар зарим томоохон ухаалаг утас үйлдвэрлэгчдэд мөнгө төлсөн гэж Европын комисс мэдэгдсэн байна. Энэ нь бусад хайлтын систем, аппликэйшн хөгжүүлэгчдийг өрсөлдөөнөөс гаргасан гэжээ.

Одоогоор Европын нийт ухаалаг утас ашиглагчдын 80 хувь нь Google-ийн аппликэйшн, хайлтын системийг хэрэглэдэг байна.

Харин Google торгуулийг төлөхөөс татгалзан давж заалдахаа мэдэгдсэн байна. Тус компани ”Андройд хүн бүхэнд илүү их сонголтыг бий болгосон, дутуу биш. Хүчтэй өрсөлдөөний гол шинж бол хурдацтай шинэ санаа, бага үнэ, эрчимтэй орчинг бүрдүүлэх явдал юм” гэж мэдэгджээ.

Өнгөрсөн жил Google-ийг хайлтын системээ ашиглан хэрэглэгчдийг өөрсдийн худалдааны үйлчилгээнд илүү татсан хэмээн буруутган 2.8 тэрбум долларын торгууль оногдуулсан юм.

Эх сурвалж: euronews, NHK, CNN