Европын дөрвөн улс улаанбурхангүй орны статусаа алдсан талаар ДЭМБ мэдээллээ. Улаанбурхны халдвар энэ онд Европт хоёр дахин нэмэгдсэн ба огт улаанбурхангүй байсан Албани, Чех, Грек, Их Британи шинэ тохиолдлууд илэрсэн байна.

Харин 12 орны улаанбурхны халдварын голомт хэвээр үлдсэн бол Австри, Швейцар улсад 36 сарын турш халдварын шинэ тохиолдол илрээгүй учир улаанбурхангүй орны статустай болжээ. 

Өнгөрсөн оны сүүлээр Европын 53 орны 33 нь улаанбурхангүй гэж бүртгэгдсэн байна. ДЭМБ-ын мэдээлснээр 2019 оны эхний хагасын байдлаар улаанбурхны 90 мянган тохиолдол бүртгэгдсэн байна. Улмаар улаанбурхны эсрэг авах арга хэмжээгээ эрчимжүүлэхийн тулд хоёрдугаар зэргийн онц байдал зарласан юм. 

Улаанбурхны тархалт нэмэгдэх болсон нь нийгмийн сүлжээгээр өрнөсөн вакцины эсрэг хөдөлгөөнөөс үүдэлтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Учир нь нийгмийн сүлжээгээр улаанбурхны эсрэг вакцины талаар сөрөг мэдээлэл тарснаар эцэг эхчүүд вакцинаас татгалзаж эхэлсэн юм. 

Улмаар нийгмийн сүлжээний сайтууд болон Засгийн газрууд вакцины талаарх ташаа мэдээллийн эсрэг арга хэмжээ авдаг болжээ. Тухайлбал, Пинтерест сайт энэ сарын 28-аас эхлэн вакцинтай холбоотой хайлтын илэрцэд зөвхөн албан ёсны эрүүл мэндийн байгууллагын мэдээллийг харуулахаар болсон байна.

Мөн Германы засгийн газар хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт оруулахаас өмнө вакцин хийлгээгүй эцэг эхчүүдэд 2800 хүртэлх долларын торгууль ногдуулах хуулийн төслийг баталжээ. 

Эх сурвалж: CNN, Al jazeera