БОАЖЯ-ны Био аюулгүй байдлыг хангах үндэсний хороо Европын холбооны Хими, биологи, цацраг идэвхит болон цөмийн эрсдлийг бууруулах санаачилгатай хамтран Төв Азийн орнуудад био аюулгүй байдал, био хамгааллын үндэсний хууль эрхзүйн орчинг сайжруулах төслийг өнгөрсөн оны нэгдүгээр сараас хэрэгжүүлж эхэлжээ.

Уг төслийн хүрээнд Европын холбооны буцалтгүй тусламжаар нийт 669.397.776 төгрөгийн өртөг бүхий 25 тоног төхөөрөмж, сургалтын материалыг манай улсад хүлээлгэн өглөө.

Эдгээрээс найман төрлийн 242 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг Зоонозын өвчин судлал, Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төв, Мал эмнэлгийн хүрээлэн, Мал эмнэлгийн сургууль, ШУА-ийн биологийн хүрээлэн, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль зэрэг долоон байгуулагад өглөө.

Эдгээр лабораторийн тоног төхөөрөмж нь хүн, мал, амьтны халдварт өвчин судлал, био аюулгүй байдал, био хамгаалал зэрэгт чухал үүргэтэй гэнэ.

Европын холбоотой хамтран хэрэгжүүлж буй дээрх төсөл нь эрүүл мэнд, хүнс, Биологийн зэвсгийн конвенцийн хэрэгжилтийг хангах, хууль эрхзүйн орчны судалгаа, мэргэжилтнүүдийг чадавхижуулах зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгуулдаг байна.

Сонирхуулахад, Монгол улс Биологийн зэвсэг боловсруулах, үйлдвэрлэх, нөөцлөхийг хориглох, тэдгээрийг устгах тухай конвенцид 1972 онд, Био аюулгүй байдлын Картагены протоколд 2002 онд нэгдэн оржээ.

Зураг: БОАЖЯ