Facebook энэ долоо хоногт маш сул орлогын тайлан гаргаж, Пүрэв гарагийн байдлаар хувьцааны үнэ нь 19 хувиар унаж, зах зээлийн үнээс 120 тэрбум долларыг алдсан байна. Энэ нь Америкийн түүхэн дэх хамгийн том нэг өдрийн уналт болжээ.

Мөн уг компани Лхагва гарагт энэ оны хоёрдугаар улирлын орлогын тайлангаа гаргахад хувьцаа нь нэг цагийн дотор 23 хүртэлх хувиар унасан байна. Харин удалгүй борлуулалт хэвийн хэмжээнд оржээ.

Хоёрдугаар улирлын тайлангаас үзэхэд орлого 42 хувиар нэмэгдэж, өдөр тутмын идэвхтэй хэрэглэгчдийн тоо 22 саяар өссөн байна. Гэвч энэ нь 2011 оноос хойш гаргасан хамгийн доогуур үзүүлэлт юм. Уг үзүүлэлт шинжээчдийн таамаглалаас хол зөрсөн ба хувьцаа эзэмшигчдэд таалагдаагүй бололтой.

Энэ жилийн сүүл гэхэд орлогын өсөлт нэг оронтой өндөр хувиар буурна гэж Facebook-ийн санхүүгийн албаны дарга анхааруулсан байна. Хувьцааны үнийн уналтаас өмнө Facebook-ийн зах зээлийн үнэлгээ 629 тэрбум доллар байсан бол одоо 510 тэрбум болжээ.

Америкийн түүхэн дэх хамгийн том хувьцааны үнийн уналтуудаас дурдвал, 2000 оны дот-комын уналтын үеэр Intel 91 тэрбум доллар, Microsoft 77 тэрбум долларыг тус тус алдсан байдаг.

Facebook компани сүүлийн хоёр жилийн турш нэлээдгүй хямралд ороод байгаа юм. Тухайлбал, 2016 оны Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийг Орос будлиантуулсан гэх хэргийн үеэр олон нийтийн сүлжээг нь ашигласан, энэ оны эхээр Кембриж Аналитика-д хэрэглэгчдийн мэдээллийг зөвшөөрөлгүй шилжүүлсэн дуулиан зэрэг юм.

Цаашлаад, Кембриж Аналитикагийн шуугианы дараа хэрэглэгчдийн мэдээлэл хамгаалах ерөнхий журам гаргаснаар Европт нэг сая хэрэглэгчээ алдсан байна.

Хэрэглэгчдийн хувийн мэдээлэл, хуурамч мэдээлэл зэргээс үүдэн Facebook аюулгүй байдал, зохицуулалтын асуудлаар 20 мянган шинэ ажилтан авч ажиллуулна хэмээн амласан байдаг. Ингэснээр тус компаний орлогын өсөлтийн тал хувийг унагаах эрсдэлтэй гэнэ.

Эх сурвалж: Theverge, Businessinsider