Хэрэглэгчдийн нийгмийн сүлжээнд зарцуулж буй цагийг зохицуулах зорилготой шинэ нэмэлт үйлчилгээ гаргана гэж Фэйсбүүк, Инстаграм компани Лхагва гарагт мэдэгджээ.

Нэмэлт үйлчилгээ хэрэглээнд нэвтэрснээр хэрэглэгчид тухайн нийгмийн сүлжээнд хэдий хугацаа зарцуулахаа тохируулж, анхааруулга ирдэг болгож тохируулж болохоос гадна графикаар хэр их цагийг зарцуулсан нь харагддаг болох гэнэ.

Ингэснээр алсдаа хэрэглэгчдийг донтолтоос сэргийлэх, донтсон хэрэглэгчдэд туслах юм.

Фэйсбүүк, Инстаграм шинэ үйлчилгээгээ сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдтэй хамтран хөгжүүлж байгаа ба шат дараалалтайгаар хэрэглэгчдэд хүргэх юм байна. Тус хоёр компани дэлхий даяар 2.2 тэрбум хэрэглэгчтэй юм.

Үүнээс гадна, Apple, Гүүгл компаниуд ч мөн энэ жилийн сүүл гэхэд хэрэглэгчдийн цагийг зохицуулдаг нэмэлт үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна.

Эх сурвалж: Metro, NHK