Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар иргэн Н, А нарын гомдлын дагуу ХУД-т байрлах Diva Beauty Lounge гэх фэйсбүүк хаягтай Aurora Beauty Clinic гоо заслын газар шалгалт хийжээ.

Шалгалтаар тухайн газар нь эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, хаяг байршлаа байнга өөрчилдөг. Мөн мэргэжлийн бус гоо сайханч эмчилгээний зориулалттай филлер тарилга тарьж иргэдийг хохироосон болох нь тогтоогджээ.

Үүнээс гадна гарал үүсэл нь тодорхойгүй бүтээгдэхүүнүүд хэрэглэж байсан бөгөөд ихсийн тариа, ботокс, РRP гэх эмчилгээг хууль бусаар хийж байсан нь хэрэглэсэн зүү тариур, цустай хуруу шил, дуслын систем зэргээр нотлогдсон байна.

Тиймээс уг газрын үйл ажиллагааг зогсоож, зөрчлийн хэрэг үүсгэжээ. Иймд иргэдийг фэйсбүүкийн зар сурталчилгааны дагуу гоо сайхны ихсийн тариа, ботокс , РRP зэрэг үйлчилгээг хийлгэхгүй байхыг албаныхан анхаарууллаа.