Харилцаа холбооны зохицуулах хороо болон ЦЕГ-аас фэсбүүк компанитай хамтран ажиллах болсон талаар мэдээлэл хийлээ. Фэйсбүүк компаний төлөөлөгчид энэ сарын 4-7 хооронд манай улсад ажилласан юм.

Энэ хугацаанд фэйсбүүкийн төлөөлөгчид холбогдох албаныхантай уулзаж, хамтран ажиллахаар болжээ.

Тодруулбал, хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах, хуурамч хэрэглэгчийг тодорхойлох, худал мэдээлэлтэй тэмцэх чиглэлээр Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран ажиллахаар боллоо.

Ийнхүү Харилцаа холбооны зохицуулах хороо дэргэдээ мэргэжлийн баг бүрдүүлэн Фэйсбүүк компанитай шууд холбогдож хуурамч хаяг, худал мэдээллийг цаг алдалгүй хязгаарлах боломжтой болж байна.

Мөн ЦЕГ-тай хамтран цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлж, таслан зогсоох талаар ярилцжээ. Улмаар ЦЕГ гэмт хэргийг таслан зогсоох чиглэлээр ямар нэгэн шат дамжлагагүйгээр Фэйсбүүк компанитай шууд холбогдохоор болсон байна.

Фэйсбүүкийн төлөөлөгчид 11 сард дахин Монголд ирэхээр болжээ.

Сонирхуулбал, 2017 онд цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг 299 бүртгэгдсэн бол энэ оны эхний 6 сард 279 бүртгэгджээ. Энэ төрлийн гэмт хэргийн дийлэнх нь хэн нэгний  фэйсбүүкт хулгайгаар нэвтэрч ойр дотны хүнээс нь мөнгө гуйсан тохиолдлууд гэнэ.

Мөн бага насны хүүхэдтэй хуурамч хаягаар харилцаж итгэлийг олсны дараа нүцгэн зургийг нь авсан хэрэг ихээр гарсан байна. Фэйсбүүк компани энэ оны нэгдүгээр улиралд 583 сая хуурамч хаяг устгажээ.