Цагдаагийн байгууллагаас мөнгөө залилуулсан гэх гомдлын дагуу хяналт шалгалт явуулж, фэйсбүүкээр дамжуулан иргэдээс мөнгө залилдаг бүлэг этгээдүүдийг шуурхай илрүүлэн шалгаж эхэллээ.

Тодруулбал, долдугаар сарын 13-нд Баянгол дүүргийн иргэн Ш нь фэйсбүүкээр мөнгөө залилуулсан гэх гомдол мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлсэн байна.

Энэ дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 19-20 орчим насны Ш, Б, Д, Ш, Б гэх таван залуу бүлэглэн удаа дараа уг төрлийн гэмт хэргийг үйлдсэнийг тогтоожээ. Уг хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.

Иймд иргэдийг танихгүй хүнд мөнгө шилжүүлэхгүй байх, зээл, санхүүжилт авахын тулд урьдчилгаа төлбөр төлөхгүй байх, аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөр төлөх онлайн худалдаа хийхдээ хувь хүн бус байгууллага руу болон найдвартай данс руу шилжүүлэг хийхийг зөвлөлөө. 

Сүүлийн үед залилах гэмт хэрэг хоёр дахин өссөн гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлж байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн оны есөн сарын байдлаар 3924 тохиолдол бүртгэгдсэний 7.1 хувь нь цахим сошиал ашиглаж хийсэн луйвар эзэлж байна.