Спортын клубыг магадлан итгэмжлэхэд тавигдах шаардлагыг хангасан Голден Жим фитнес клубын нэгдүгээр салбар болон Соёл фитнесс клубыг хоёр жилийн хугацаанд магадлан итгэмжилж, батламж олголоо.

Ингэснээр иргэд стандартын шаардлага хангасан орчинд мэргэжлийн багш, дасгалжуулагч, арга зүйчээр биеийнхээ онцлогт тохирсон хөтөлбөрөөр хичээллэх боломж нээгдэх гэнэ.

Мөн магадлан итгэмжлэгдсэн спорт клубт хичээллэснээр эрүүл мэндийн даатгалаас урамшуулал үзүүлэх журмын дагуу хөнгөлөлт эдлэх юм.

Магадлан итгэмжлүүлэх хүсэлтийг Биеийн тамир спортын газар хүлээн авч байгаа ба манай улсад 300 гаруй спорт клуб үйл ажиллагаа явуулж байна.