Автомашин үйлдвэрлэгч Форд компани МакДоналдс түргэн хоолны сүлжээ рестораны кофены хаягдлаар машины сэлбэг хийхээр болжээ. Ингэхдээ хаягдлыг хүчилтөрөгч багатай өндөр температурт халааж хуванцар болон бусад хаягдал материалтай холино. Улмаар хэлбэрийг нь өөрчилж болдог үрлэн материал гаргаж авах юм. 

Уг материалаар их гэрэл, хайрцаг болон бусад дотоод хэсгүүдийг бүтээх боломжтой байна. Энэ нь хүнсний хаягдлыг багасгахаас гадна машиныг 20 хувь хөнгөн, шатахуун бага зарцуулдаг, хүлэмжийн хийн ялгаралт багатай болгох юм. 

Мөн хаягдлыг хэлбэрт оруулах явцад 25 хувиар бага эрчим хүч зарцуулах ба одоо хэрэглэж байгаа материалаас илүү чанартай аж. 

Сүүлийн үед автомашин үйлдвэрлэгчид хүлэмжийн хийг бууруулах, электрон машины үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх шаардлагатай болсон. Хүлэмжийн хийн дөрөвний нэг нь тээврийн хэрэгслээс ялгардаг байна. 

Форд компани 2026 он гэхэд хүлэмжийн хий бага ялгаруулдаг машин бүтээх гэрээг Америкийн засгийн газартай хийсэн юм. Үүний дагуу кофены үрний хуурай хальсыг машины сэлбэгт ашиглахыг зорьж байна. 

Кофены үрний хуурай хальс нь кофе хуурах үйл явцад ялгардаг ба үүнийг бордоо, модны нүүрс болгон ашигладаг байна. 

Эх сурвалж: The verge