Францад өнгөрсөн сарын 17-нд эхэлсэн шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаал үймээн самуунд хүрээд байсан юм. Үүнээс болж Францын ерөнхий сайд Эдуард Филипп шатахууны татвар нэмэх асуудлыг зургаан сар хойшлуулахаа мэдэгдлээ.

Шар хантааз өмссөн жагсагчид Засгийн газраа эсэргүүцэн томоохон хотуудад үймээн самуун гаргаснаас болж дөрвөн хүн амиа алджээ.

Ерөнхий сайд юу хэлэв?

Ерөнхий сайд Филипп ирэх сарын нэгнээс нэмэх гэж байсан автомашины нүүрстөрөгчийн татварыг зургаан сараар хойшлуулахаар болжээ. Мөн энэ өвөл бензин, цахилгааны төлбөрийг бууруулж машины утаа ялгаруулалтын шинжилгээг чангатгах асуудлыг хойшлуулах гэнэ.

Жагсагчид юунд уурлав?

Ерөнхийлөгч Эммануэль Макрон ажилгүйдлийг багасгаж эдийн засгаа сайжруулна гэсэн амлалт өгсөн. Гэвч агаарын бохирдлыг бууруулах зорилгоор дизелийн үнийг 6.5 цент, бусад шатахууныг 2.9 центээр нэмэх шийдвэр гаргасан юм. Макрон үүнийг дэлхийн газрын тосны үнэ өссөнтэй холбон тайлбарласан байдаг. Сүүлийн жилд дизелийн үнэ 23 хувиар нэмэгдэж литр нь 1.71 долларт хүрээд байсан юм.

Судлаачдын хэлснээр 2018-2019 онд ядуу өрхийн орлого буурна эсвэл хэвэндээ байж дундаж орлоготой иргэдийн орлого хамгийн ихээр буурах бол хүн амын нэг хувь болох чинээлэг иргэд уг хямралаас ашиг олох гэнэ.

Ерөнхий сайдын шийдвэрийг иргэд хэрхэн хүлээж авсан бэ?

Жагсагчдын зарим нь Лориент мужийн газрын тосны баазын замыг үргэлжлүүлэн хаана гэж мэдэгдсэн байна. Жагсаалын төлөөлөгч Бенжамин Каучигийн хэлснээр тэд татвар нэмэх шийдвэрийг түр хойшлуулах бус бүр мөсөн болиулахыг хүсч байгаа гэв.

Жагсагчид хэн бэ?

Анх гоо сайхны бүтээгдэхүүн худалдаалдаг Прискиллия Лодовски гэх эмэгтэй шатахууны үнийг бууруулахыг шаардсан онлайн өргөдөл гаргажээ. Үүнд 200 мянга гаруй хүн гарын үсэг зурсан бөгөөд өдгөө энэ тоо 1.15 сая болсон байна.

Улмаар өнгөрсөн сарын 17-нд Парис хотод 300 мянган хүн жагсаалыг эхлүүлсэн бол одоогоор 166 мянга болж буураад байгааг Францын дотоод хэргийн яам мэдээлжээ. Жагсагчид ард иргэдийг алагчилж үзсэн, амьдралын өртөг өссөн зэрэгт Макроны засгийн газрыг буруутгасан бөгөөд энэ нь эцэстээ үймээн самуун болж 130 хүн гэмтэж 400 гаруй хүн баривчлагдсан юм.

Сүүлийн өдрүүдэд түргэн тусламжийн машины жолоочид болон ахлах сургуулийн сурагчид өөрсдийн жагсаалыг эхлүүлээд байна.

Эх сурвалж: BBC, New York times