Францчууд маргаашаас эхлэн тэтгэврийн насыг нэмэх, тэтгэвэр бууруулах шийдвэрийг эсэргүүцэн том хэмжээний ажил хаялт зарлах юм. Ажил хаялт Зул сар хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. 

Ажил хаялтад хуульч, цагдаа, багш, эрчим хүч, шуудан, эмнэлгийн ажилтнуудын холбоод оролцохоо мэдэгджээ. Тухайлбал, бага сургуулийн багш нарын 70 хувь нь ажил хаях ба 10 сургуулийн дөрөв нь хаалгаа барих юм. Мөн дунд, ахлах сургуулийн багш нарын 60 хувь нь ажил хаях хэдий ч сургуулийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх гэнэ. 

Харин хамгийн бага тэтгэвэр авдаг фермерүүд ажил хаялтад оролцохгүй гэжээ. Ажил хаялтад автобус, галт тэрэгний ажилтнуудын холбоод нэгдсэн учир хурдны галт тэргийн 10 хувь нь л ажиллах ба зарим нь энэ сарын 10 хүртэл галт тэрэгний үйлчилгээгээ багасгасан байна. 

Үүнээс гадна Парис хотын 16 метроны шугамын тав нь хэвийн ажиллах ба Эйр Франц нислэгийн компаний дотоод нислэгийн 30 хувь, EasyJet компаний 200 гаруй нислэг цуцлагджээ. Дотоод хэргийн яамны мэдээлснээр орон даяар 250 хөдөлгөөн өрнөх төлөвтэй байгаа ба зарим нь үймээн самуунд хүрч магадгүй байна. 

Францын засгийн газар иргэдэд өдөр бүр шагнал олгож үүнийг нь хожим тэтгэвэрт шилжүүлэх олон улсын системийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргасан юм. Сүүлийн 10 жилд Францын тэтгэврийн нас 60-62 болж нэмэгдсэн ба энэ нь өндөр хөгжилтэй орнуудын хувьд харьцангуй бага гэсэн үг. 

Гэвч тэтгэврийн шинэ систем усан цэрэг, хуульч, дуучид зэрэг мэргэжил болон 64 наснаасаа өмнө тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэврийг бууруулах сөрөг талтай гэнэ. Жишээ нь, 63 насандаа тэтгэвэрт суух хүн таван хувиар бага тэтгэвэр авах учир илүү цагаар ажиллах шаардлагатай байна. 

Францад хамгийн сүүлд 1995 онд тэтгэврийн хуулийн өөрчлөлтөөс болж гурван долоо хоногийн турш үргэлжилсэн томоохон ажил хаялт болж байжээ. 

Эх сурвалж: France 24, BBC