Францын засгийн газрын танилцуулсан тэтгэврийн шинэ системийг эсэргүүцэн 100 гаруй хотод 800 мянга гаруй хүн ажил хаялаа. 

Зохион байгуулагчдын мэдээлснээр 1.5 сая хүн жагсаалд оролцсон ба газрын тос боловсруулах найман үйлдвэрийн долоог нь хаасан байна. Ингэснээр жагсагчид шатахууны хомсдолд оруулж эдийн засгийг хямралд хүргэх төлөвлөгөөтэй байгаа юм. 

Парис хотод аялал жуулчлалын гол газрууд болох Эффелийн цамхаг, Орсейн музей, Версалийн ордонг нэг өдөр хаасан байна. Мөн зарим жагсаал үймээн самуунд хүрч Парис хотын цагдаа нар 71 хүнийг баривчилжээ. 

Ажил хаялтад эмнэлэг, цагдаа, хууль, онгоцны буудал, автобус бааз зэрэг олон салбарын ажилтнууд оролцож байгаа учир ихэнх албан байгуулагын үйл ажиллагаа зогссон байна. Тухайлбал, хурдны гал тэрэгний 90 хувь, 16 метроны чиглэлийн 11, дотоод нислэгийн 30 хувь, гадаад нислэгийн 10 хувь нь зогсжээ. 

Францад тэтгэврийн нас, мөнгөн хэмжээгээр харилцан адилгүй 42 төрлийн тэтгэврийн систем үйлчилдэг. Засгийн газар үүнийг шударга бус, өртөг ихтэй гэж үзэн оноонд суурилсан системд шилжүүлэхээр хэлэлцэж байгаа юм. 

Уг систем нь ажлын өдөр бүр нэг оноогоор тооцож тэтгэвэрт гарахад онооноосоо хамаарч бүгдэд ижил хэмжээний тэтгэвэр олгох зорилготой байна. Гэвч иргэд үүнийг тэтгэвэрт гарах насыг нь хойшлуулж, илүү цагаар ажиллуулж, тэтгэврийн хэмжээг бууруулна гэж үзэж байгаа юм. 

Эх сурвалж: Al jazeera, BBC