Эрэгтэйчүүдийн дэлхийн чансаа оноо олгох Яшар Догугийн нэрэмжит олон улсын тэмцээн Туркийн Истанбул хотод эхэлнэ.

Энэхүү 46 дахь удаагийн уламжлалт тэмцээнд манай улсаас ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гуанжоу-2010 Азийн наадмын аварга, Азийн аврагын гурван мөнгө, нэг хүрэл медальт, Алдар спорт хорооны тамирчин, МУГТ Г.Мандахнаран ганцаараа хүч үзэхээр Туркийг зорьжээ.

Түүний жинд Лондон-2012 олимп, дэлхийн дөрвөн удаагийн аварга Америкийн Жордан Барроуз, Рио-2016 олимпийн мөнгөн медальт, дэлхийн хошой аварга Италийн Франк Чамизо, олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Европын гурван удаагийн аварга эзэн орны Сонер Демирташ нарын шилдгүүд зодоглох юм байна.

Г.Мандахнаран дөрвөн жилийн өмнө буюу 2014 онд тус тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан юм.